Цэргүүд байлдааны буу, 50 сумтай байжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Цэргүүд байлдааны буу, 50 сумтай байжээ

Сэлэнгэ аймгийн хилийн манаанд харуулд гарч байсан хоёр ахлах байлдагч байрлалаа орхисон хэрэг нэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дээрх оргосон хоёр цэргийг хуулийнхан хэрхэн яаж баривчилсан талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэвлэлийнхэнд өглөө.

Тэрбээр “Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн байгууллага, хилийн тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллаж, тус бүр 25 ширхэг сумтай АКМ байлдааны галт зэвсэгтэй оргосон хоёр байлдагчийг баривчилжээ. Тодруулбал Шаамар сумын нутаг дэвсгэр “Бүүрэг толгой” гэх газарт өчигдөр 21.30 цагт зугтаж явахдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэнээс дээрэмдсэн “Лого” маркийн автомашиныг дугуйг албадан хагалж, цагдаагийн машин, нутгийн иргэний Портер машинаар хашиж, зогсоожээ. Оргосон цэргүүд цэнэглэсэн байлдааны буутай явж байсан учир ийнхүү хот суурин газраас холдуулж, хүнгүй тал газар хөөж, хашин баривчилж, галт зэвсгийг аюулгүй болгож хураан авсан байна. Гэхдээ байлдагчид галт зэвсэгтэй тул бууг аюулгүй болгохын тулд цаг гаруйн хугацаанд цагдаагийнхан оргосон цэргүүдтэй тохиролцож, ярилцсан байна. Ярилцах явцад цэргүүд цагдаа нараас тээврийн хэрэгсэл шаардсан гэж тайлбарлалаа. Хилийн манаанд гарах байсан хоёр байлдагч оргосон гэдгийг мэдмэгцээ хуулийнхны хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн сум суурин газар бүрт хяналтын цэг гаргаж ажиллажээ. Хяналтын нэг постод тэднийг зогсоох гэсэн боловч оргодол цэргүүд зугтсан байна. Гэхдээ удалгүй ийнхүү баригджээ.

Оргосон байлдагчийн нэг нь цочролд орж, бие нь муудсан тул цагдаагийн хамгаалалт дор эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэж эхэлжээ. Үлдсэн цэргийг саатуулан, байцаалт авч эхэлжээ. Тодруулбал тус хэрэгт Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйл буюу Цэргийн албанаас оргон зайлсан гэж буруутган эрүү үүсгэж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт, мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлсэн байна. Хэдийгээр яг ямар шалтгааны улмаас цэргийн албанаасаа оргосон бэ гэдэг нь одоо тодорхой болоогүй ч, зугтсан байлдагчид гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар саатуулагдах эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар хоригдох ял үүрнэ.

Цэргүүд байцаалтын явцад алба хаах хугацаанд ангийн удирдлагуудаас ямар нэгэн дарамт ирээгүй гэдгээ онцолсон байна. Оргосон цэргүүд өнгөрсөн оны цэрэг татлагын нэгдүгээр ээлжээр Булган аймгийн Тэшиг сум, Булган аймгийн Сэлэнгэ сумаас татагдан ирж, Сэлэнгэ аймгийн хугацаат цэргийн ангид алба хааж байсан юм.

Д.УЛАМБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж