Сонгууль өндөрлөв. Харин бид юутай үлдэв….
Сонгуулийн жилийг угтаж царцсан барилгуудын ажил үргэлжлэх, олон жил хуримтлагдсан асуудлуудыг шийдэх зэргээр нүдэн дээр бүтээн байгуулалт өрнөх нь бий.
Засгийн газар ээлжит сонгуулийн жилийн төсөвт барилга барилга барих, тоног төхөөрөмж худалдан авах, их засвар хийх, стратегийн барааг улсын нөөцөд байршуулах гэх мэтэд зориулан 3.7 их наяд төгрөг тусгасан нь 2019 оноос 13.4 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Энэ мөнгөний 86 хувь нь бүтээн байгуулалтын төслүүдэд, үлдсэн 14 хувь нь их засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авах, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад шаардлагатай санхүүжилт байгаа юм.
Харин зардал ийнхүү өсөх болсон нь нийгэмд нэн шаардлагатай хөрөнгө оруулалт болох сургууль, цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулах зардал, мөн музей, театруудыг шинээр барих, засварлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор ийнхүү өссөнийг Сангийн яамнаас эрхлэн гаргасан “Иргэдийн төсөв – 2020” товхимолд дурджээ. Сонгууль болдгоороо болсон, харин бидэнд ямар бүтээн байгуулалтууд үлдсэнийг тоймлоё.
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААЖ ЧИНГИС ХААН МУЗЕЙ БАЙГУУЛАХААР БОЛОВ
Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, суурин дээр нь “Чингис хаан” музей байгуулахаар болсон нь олны эсэргүүцэлтэй нүүр тулсан ч энэхүү шийдвэр өөрчлөгдөөгүй. Байгалийн түүхийн музейг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураасан бол Чингис хаан музейн шав тавих ёслол энэ оны гуравдугаар сард сүр дуулиантай болсноор барилга угсралтын ажлыг эхлүүлээд буй.
Нийт есөн давхар бүхий тус музейг 2021 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. Уг музей нь 53 тэрбумын өртгөөр босох аж. Энэ нь Засгийн газраас анх удаа музейн салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болоод байна. Харин 94.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөж, 2020 онд 31.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс гаргахаар болоод байна.
3.2 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ УСАН ОРГИЛУУР
Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 3.2 тэрбумын өртөг бүхийг усан оргилуур сүндэрлээд удаагүй. Энэ сарын 19-нд олон нийтэд нээлттэй болсон тус бүтээн байгуулалт нь 7200 м2 ногоон байгууламжтай. Нийт 84м урт 23,6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шатласан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбай зэрэг тохижилтын ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэсэн байдаг.
Анх зургадугаар сарын 1-нд бүтээн байгуулалтын ажил дуусч, иргэдэд нээлттэй болгохоор тооцсон байдаг ч төлөвлөсөн ёсоор зургадугаар сард багтаан иргэдэд нээлттэй болсон юм. Уг бүтээн байгуулалтын ажлыг энэ оны нэгдүгээр сард Хотын дарга С.Амарсайханы шийдвэрээр эхлүүлэхээр болж 3.2 тэрбумыг төсөвлөсөн нь иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулж багагүй хэл ам дагуулсан билээ.
АРВАН ЖИЛ ЦАРЦСАН ЭМНЭЛЭГ ХОЁР САРЫН ДОТОР ҮҮДЭЭ НЭЭВ
Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 2011 оноос баригдаж эхэлсэн 300 ортой эх хүүхдийн эмнэлэг царцаад 10 жилийн дараа ашиглалтад оров. Засгийн газар, “Нийслэл өргөө” компани “Пума” консерциумтай гэрээ байгуулан, улсын төсвөөс 17.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж барилгыг ажлын эхлүүлсэн байдаг. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил таг зогссон байна.
Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж, Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж, царцаад байсан барилгыг үргэлжлүүлж эхэлсэн. Эмнэлгийг бүрэн ашиглалтад оруулахад найман тэрбум орчим төгрөг шаардлагатай байсныг Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард шийдвэрлэжээ. Ийнхүү 10 гаруй жил царцсэн эмнэлгийн ажил хоёр сарын дотор дуусч зургадугаар сарын 15-нд ашиглалтад орсон билээ.
ТҮЛЭНХИЙН ТӨВИЙГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛНА
2020 онд ашиглалтад орохоор болсон өөр нэг эмнэлэг нь Түлэнхийн төв юм. Хүмүүсийн нэрлэж заншсанаар Зуун айлд байрлаж байсан Түлэнхийн төвийн хуучин барилгыг нурааж, оронд нь шинээр эмнэлэг барих ажил эхлээд бас л цөөнгүй жил өнгөрчээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн удаа дараагийн хяналт шалгалтаар Түлэнхийн төвийн барилгыг “Цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн” гэсэн дүгнэлт гарсны дагуу Монгол Улсын Төрийн өмчийн хороо 2011 онд уг барилгыг актлах 358 дугаар тогтоол гаргажээ. Улмаар 2011 онд уг барилгыг нурааж, шинэ барилга барих ажилд 21 тэрбум төгрөг төсөвлөж, барилгын зураг төсөл хийх компанийг сонгон шалгаруулж байжээ.
Гэвч, санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар эмнэлгийн ажил бас л гацав. Харин 2017 оны тавдугаар сараас барилгын ажлыг эхлүүлэхдээ, Кувейтийн сангийн санхүүжилт авсан байна. Кувейтийн сангаас Монгол Улсад Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд 2017 онд гарын үсэг зурсан юм. Уг гэрээний дагуу Эрүүл мэндийн яам “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны наймдугаар сараас барилга, угсралтын ажлыг үргэлжлүүлсэн байдаг. Гэсэн ч мөн л хөрөнгө мөнгөгүйгээс шалтгаалж, барилга товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болж, хойшилсоор иржээ. Эмнэлгийг 2019 онд ашиглалтад оруулах байсан.
Ямартай ч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Кувейтийн сангаас Монгол Улсад авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосон. Монгол Улс Кувейтийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлээр Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км авто зам, Тайширын УЦС-ыг барихад ашигласан бол буцалтгүй тусламжаар Монгол-Кувейтийн судалгааны төвийг барьж, Түлэнхийн төвийг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
НАЛАЙХЫН ЗАМ НЭЭГДЭЖ, ДАРХАНЫ ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЦАРЦАВ
Он дамжин хэрэгжиж буй төслүүдээс энэ онд ашиглалтад орох хамгийн их хүлээлттэй байгаа нь Дарханы зам. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 10-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төсөлд зориулагдана" гэж мэдэгдсэн.Мөн "Дарханы замыг 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар тооцож байна. Харин нөгөө хоёр эгнээ нь шинээр баригдах тул 2020 онд багтаж дуусна гэсэн тооцоотой байгаа" хэмээн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлж байлаа.
Өдөрт дунджаар 5,800 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал Үндэсний баяр наадам, Цагаан сарын баярын үеэр хоёр дахин нэмэгдэж, өдөрт 12,300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байна.
Харамсалтай нь, ийм өндөр ачаалалтай орон нутгийн уг замын ажил сайд, дарга нарын хэлж байгаагаар хэрэгжсэнгүй цардаад байна. Харин Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай авто замыг 60 жилийн дараа шинэчлэв. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 26 метр өргөн, ус зайлуулах байгууламж, гүүр, нүхэн гарц бүхий замын хөдөлгөөнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм.
Б.ЦЭЦЭГ