Дэлхийн шилдэг 50 зураачийн нэг Д.Батнасангийн урланд

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг 50 зураачийн нэг Д.Батнасангийн урланд

Дэлхийн шилдэг 50 зураачийн нэг Д.Батнасангийн урланд

Бидний хэлж заншсанаар “Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр” орчимд түүний түр урлан байрлах аж. Өөрийн бүтээлүүдээр урлангаа чимж, өнгө өнгийн будаг газраар нэг хөглөрнө. Өнгө будаг нь хатаж амжаагүй байгалийн тансаг зураглалууд нүднээ шууд тусна.

Зураач Д.Батнасан “Бид угаасаа зожиг, ганцаараа ажилладаг улс. Тийм учраас хөл хорио тэгж их нөлөөлөхгүй байх шиг байна. Харин элдэв зүйлд саатахгүй уран бүтээлдээ төвлөрч сууна” хэмээн хошигнон угтлаа.

Олон улсын Усан будгийн нийгэмлэгээс зарладаг “Дэлхийн усан будгийн биенналь"-д Монгол Улсын хоёр зураач амжилттай оролцож, дэлхийн шилдэг 50 мастер зураачийн нэгээр тодроод буй. Тэдний нэг нь урлаг судлаач, зураач Д.Батнасан юм. Усан будгийн мастер гэгддэг түүний уран бүтээлийнх нь ертөнцөөр аялахыг хүслээ.

Тэрбээр “Хэдийгээр цар тахлын улмаас хаа сайгүй хөл хорио тогтоосон ч энэ жил Олон улсын Усан будгийн нийгэмлэгээс хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “International triennial WATER color & SPIRIT-II" уралдааныг Болгар улсын Софи хотноо зохион байгууллаа. Монгол Улсын уран бүтээлчид амжилттай оролцож,  дэлхийн шилдэг 50 уран бүтээлчийн нэгээр тодорсон. Миний хувьд энэ нийгэмлэгийнхэнтэй байнгын холбоотой байдаг. Монголын уран бүтээлчид 2014 оноос хойш тогтмол оролцож ирсэн. Миний хувьд өөрийн “Бэлэг” хэмээх усан будгийн бүтээлээрээ оролцож, эхнээс нь дуусах хүртэл видео мастер класс хийж үзүүлсэн. Би ихэвчлэн монгол ахуйгаа зурдаг. Бүтээлээрээ хөдөө талын малчин жаалууд холоос ирсэн бэлгээ задлахаар яарч, догдолж байгаа амьдралын тэр нэг агшныг л өгүүлэхийг хүссэн.

Монгол Улсаас хоёр зураач шалгарсны нэг нь С.Мөнхбаатар нөгөөх нь би юм. Одоо шилдэг 50 уран бүтээлчийн усан будгийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, ном хэвлэн, дэлхийн улсуудаар аялуулах хөтөлбөртэй юм билээ” хэмээн тэмцээнийхээ талаар танилцуулав.

Биднийг очиход цоо шинэхэн тосон будгийн бүтээл дээр ажиллаж суув. Түүний урланд усан будгийн бүтээлүүд нь ноёлох боловч цөөнгүй тосон будаг, бэхээр зурсан зургууд харагдах ажээ. Дүрслэх урлагийн түүхэнд иxэнx зураачид тосон болон шороон будгаар зурж гаршсан байдаг бол усан будгаар дагнан xийдэг уран бүтээлчид түүxийн цаг үе бүxэнд тун цөөнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ урлагийн төрөл чуxам xэр онцгой, xичнээн өвөрмөц болоxыг зураач Д.Батнасан анхаарч усан будгийн арга ажиллагаагаар сүүлийн 10 орчим жил дагнан ажилласан зураач.

Усан будгаар зураг зурахад мэдрэмжээс гадна нарийн чимхлүүр ажил их шаарддаг. Засвар хийх боломжгүй байдаг аж. Нэг л удаа өнгө тавьсан бол олон удаа давхарлаж тавихгүй. Нойтон дээр нь усан будгаа уусгаж, өнгө тавьж явдгаараа онцлог. Тухайн бүтээлээ эхэлсэн бол шууд дуусгана.

Тосон будгийн бүтээл дээр засварлаж, удаан хугацаанд ажиллаж болдог талтай. Харин усан будгийн бүтээл тийм биш. Усан будаг амархан гэмтдэг учраас заавал шилэн жаазаар хамгаалж, нандин тансаг газраа байрлуулах нь бий.

Зураач Д.Батнасан өөрийн усан будгийн бүтээлээ утга зохиолтой зүйрлэхдээ “Усан будгийн бүтээл яг л яруу найраг шиг. Тухайн зураач хүний сэтгэл хөдлөлөөр маш хурдан гарна. Харин тосон будаг нь роман, үргэлжилсэн үгийн зохиол шиг удаан нухаж, олон үйл явдлыг дарааллан оруулах боломжтой” хэмээн дүрсэлсэн нь содон санагдав.

Өөрийн мэр сэр бүтээлд л нэр өгөхөөс мэдрэмжээрээ буулгаж, зурсан бүтээлд нэр өгч агуулгыг хязгаарлахыг хүсдэггүй аж. Түүний бүтээлүүдэд алдар цуутай уул, ус гэхээс илүүтэй хэн ч анзаараагүй горхины чимээ, ой модны захын байгалийн уур амьсгалыг дүрсэлжээ. Ойн гүнд намуухан горхи урсана. Тэр горхи гүнзгий ч юм шиг хэрнээ харайгаад гарчихмаар ч юм шиг. Байгалийн нууцлаг төрхийг өнгө будгаараа “хөгжимдөх” мэт.

Мөн тэрбээр “Хүмүүс усан будгийн бүтээл гэхээр хямд, үнэ цэнэгүй гэж өрөөсгөл ойлгох нь бий. Гэтэл Олон улсын усан будгийн уран зургийн тэмцээнүүдэд олон улсын стандартад нийцсэн цаас, будгаар зурах шалгуурыг тогтоодог. Тиймээс олон улсад үнэлэгдсэн брэнд цаасан дээр 200-300 жил өнгө хувирахгүй, тусгай усан будгаар зурдаг” гэсэн юм.

Усан будаг нь усанд уусангаа өнгөний тунгалаг хольцыг бүрдүүлээд зогсохгүй өнгөний нарийн шилжилтийг бий болгодог. Зурагт ер бусын хөнгөн, агаарлаг шинж чанарыг ямар ч төрлийн будагнаас илүүтэй бий болгодог онцгой материал ажээ.

Зураач, урлаг судлаач Д.Батнасан нь эх орныхоо нүүдлийн ахуй соёл, байгаль, монголчуудын уламжлалт соёл, хөдөө нутгийн эгэл жирийн амьдрал ахуйн сэдвээр голчлон уран бүтээл туурвидаг нь бүтээлүүдээс нь илхэн харагдана. Тэр дундаа байгалийн болон аж байдлын сэдэвт зургаар 10 гаруй жил дагнасан уран бүтээлч.

“Аливаа уран бүтээлч аль болох цаг үетэйгээ хамт, болж өгвөл өмнө нь явахыг хичээнэ шүү дээ. Энэ дагуу надад ч бас орчин цагийн урлагийн төрлөөр уран бүтээл хийх хүсэл бий. Гэхдээ орчин цагт монголын нүүдэлчин ахуй соёлоо орхигдуулж болохгүй. Тиймээс энэ орхигдсон орон зайг реалист хэлбэрээр хийхийг зорьдог” хэмээн өгүүлнэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 10 гаруй бие даасан үзэсгэлэнг дэлгэж, хамтарсан болон олон улсын үзэсгэлэнд цөөнгүй оролцжээ.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж