&#34Гавьяат хүссэн 8000 хүн байна&#34

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

&#34Гавьяат хүссэн 8000 хүн байна&#34

-Миний Ерөнхийлөгч болоод баримталсан зарчим бол төрийн одон медалийг шалгуурт нь нийцүүлж өгөх ёстой. Худалддаг, зардаг, зуучилдаг асуудлыг зогсооё гэж байгаа юм-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Хуулийн төсөл нь 7 бүлэг 40 зүйлтэй. Түүнд Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах, төрийн дээд шагналын нэр төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын үндсэн хууль, үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлжээ. Ингэхдээ зарим шагналыг байхгүй болгосон аж. Тухайлбал, Ардын жүжигчин, гавьяат, Сүхбаатарын одон зэрэг шагналыг байхгүй болгожээ. Гэхдээ шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилго дор шалгуурыг өндөрсгөсний зэрэгцээ зарим гавьяа шагналыг таван жилд нэг удаа, нэгээс ихгүй хүнд олгох зэрэг шалгуур тавьсан аж. Төслөө танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулахдаа зарим одон медалийг хассан байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Бид хуулийн төслийг боловсруулахдаа уламжлал, залгамж чанараа алдахгүй байхыг хичээсэн. Хөдөлмөрийн баатар, Улсын баатар гэж байсныг Монгол Улсын баатар гэж нэг цол болгосон, олон гавьяат байсныг Гавьяат зүтгэлтэн болгосон. Мөн хадгалж үлдсэн одон гэвэл Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар зэрэг медалиуд байна. Шагналыг олгохдоо таван шалгуур тавьж байгаа юм. Нэгдүгээрт амжилт гавьяагаар нь, хоёрдугаарт ажил мэргэжлийн онцлогоор, гуравдугаарт эрэмбэ тогтооно, дөрөвдүгээрт хугацаа тогтооно, шагналын тоо, жил тэмдэглэлт өдөрт тусгайлан олгох зэргийг нарийн тусгаж өгөх юм. Хүний нэртэй одонгуудаас Чингис хааны нэртэй одонг хадгалж үлдсэн. Алдар цуутай хүн бүрийг одон болгож хувиргаад байвал болохгүй байна шүү дээ. Ингээд Чингис хааны одон үлдээсэн. Ардын жүжигчин гэж цол байсныг хасч, энэ цолыг Улсын эрдэнэ дүйцэх болов уу. Эрдэнийн очир одонгийн хувьд Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон зэрэг одон төлөөлөх болов уу.

-Одон медалийг дагуулан мөнгөн урамшуулал олгох уу?

-Миний хувьд шагналын мөнгө дагуулж өгөхгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэхүү цол тэмдэг нь алдар нэр гэдэг утгаараа үнэтэй байх учиртай.

-Иргэдийн дунд “Хамт олон маань шагналд тодорхойлоод 2-3 жил боллоо, байдаггүй. Гавьяат авахад 6 сая төгрөг хэрэгтэй гэнэ. Ханш тогтчихсон юм байна. Мөнгөгүй болохоор гавьяатыг авч чадахгүй нь гэдэг” явган яриа байдаг. Энэ мэт гомдол танд ирдэг үү. Шагналыг олгохдоо ямар шалгуур тавьдаг юм бэ. Цаашдаа ямар шалгуур тавих вэ?

-Шалгуурыг таван янзаар гаргаж ирлээ. Би түрүүн бас хэлсэн. Нэгдүгээрт, амжилт гавьяагаар нь олгоё. Хоёрдугаарт, ажил мэргэжлийн онцлог байна. Гуравдугаарт, эрэмбэ, хугацаа тогтооё. Тэмдэглэлт өдрөөр энэ одонг олгоно гэдэг юм уу зааж өгсөн.

Тодорхойлолт дээр очоод асуудал, зовлон үүсдэг юм. Хууль байхгүй, маш ойлгомжтой шалгуур байхгүй учраас тодорхойлж байгаа улсуудыг буруутгах аргагүй. Нэг сумынх гэхээрээ 20, 30-аар нь, 2000-3000 ажилтантай газар хоёр гурван зуугаараа шагналд тодорхойлдог. Тэр Иргэдийн хурлын дарга зогсоосон байна гээд бөөн хэл ам гардаг учраас Ерөнхийлөгчийн Тамгын газар луу л явуулъя, тэнд очихоор асуудлыг шийднэ биз гэдэг хариуцлагагүй хандлага байгаа. Тэгэхээр энд хариуцлага бий болгоё гэж байгаа юм.

Одоогоор Гавьяат цол хүссэн 8000 хүн байна шүү дээ. Тэр бүгдийн тодорхойлолтыг унших юм бол бүгд л мундаг гавьяатай улс болж харагдана. Түүнийг Ерөнхийлөгч, энд байгаа 2-3 ажилтан шалгах боломжгүй. Миний Ерөнхийлөгч болоод баримталсан зарчим бол төрийн одон медалийг шалгуурт нь нийцүүлж өгөх ёстой. Худалддаг, зардаг, зуучилдаг асуудлыг зогсооё гэж байгаа юм. Ийм яриа байгаа, баримттай асуудал байгаа бол шууд Тамгын газарт авчирч өг гэдгийг байнга хэлж байгаа. Шууд хуулийн байгууллагаар шалгуулах болно. Гараагүй зарлигийг гаргасан болгоод, зарлигийн дугаарыг өөрчлөөд, одон медалиа хаясан барьсан нэрийн дор завших гэж оролдсон, журмын бус хандлага ганц нэг тохиолдол гарч байсан. Хууль хяналтын байгууллагаар шалгуулаад хариуцлагаа үүрсэн.

Одоо энд нээлттэй хэлчихье. Одон медалыг дамладаг, зуучилдаг, үнэлдэг юм байх юм бол ёстой “Толгойг чинь авна” шүү, энд шагналын тасгийнхан сууж байна. Хуулинд ямар хариуцлага заасан байна, тэрний дагуу явна. Энд ямар ч өмгөөлөл байхгүй. Хэрвээ тийм зүйл гарсан бол гомдлоо ирүүлэх хэрэгтэй.

Нөгөө талаас нь нэг юмыг бодох хэрэгтэй, хүнээ олоод шагнахад тухайн хүн, тухайн хамт олонд ямар их хүндэтгэл, баяр авчирдгыг бид бүгдээрээ л харж байгаа. Тэгэхээр нүдийг олж өгнө гэдэг чухал. Авч байгаа хүний нүд хоёр, харж байгаа хүний нүд сая учраас янз бүрийн яриа нээлттэй нийгэмд гарах нь байх л зүйл. Баримттай зүйл байгаа бол шууд Тамгын газарт асуудлаа тавих хэрэгтэй.

-УИХ-аар хууль батлагдаж чадах болов уу, яах бол?

-УИХ-аар батлагдах болов уу гэдгийн цаана нэг санаа байгаа болов уу гэж бодож байна. Одон медаль олгодог асуудал Ерөнхийлөгчийн зарлигаар явж байгаа. Миний санаа бол хууль болгоё гэж байгаа. Хуулиараа хийгээд явах нь зөв. Шинээр бий болох алдар цол, одон медаль УИХ-аар шийдэгдэх учиртай. Өмнөх байгаа зүйл дээрээ өөрчлөлт хийх нь хуулиар биш зарлигаар зохицуулчих боломж бий.

-Төрийн дээд одон медаль олгох үед нийгмийн даатгалын баталгааг хэрхэн хангах вэ?

-Нийгмийн баталгаа гэдэг маш чухал асуулт юм. Алдар зүтгэл гавьяа авсан хүмүүст тодорхой нийгмийн баталгааг гаргаж өгдөг. Шинэ хууль хэрэгжиж эхлэхэд хуучин шагналтай иргэдийн нийгмийн халамж хадгалагдана. Нийгмийн баталгаа ч насан туршид нь давхар явагдана. Шинээр оруулж байгаа хуулинд нийгмийн баталгааны тухай оруулж өгөөгүй.

-Одоо олгох шагналын фонд дууссан уу. Хэр нөөц байгаа вэ?

-Ихэнх одон тэмдэг Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөвт суугаад тэрхүү мөнгийг “Зоос гоёл” үйлдвэрт захиалгаа өгөөд хийлгэх зүйл юм. Нөөцөнд байгаа одон медаль ч бий тухай бүрт нь хийгээд явж байгаа одон медаль ч бий.

-Шагналын тоо цөөрөхөөр мөнгөн урамшуулал нь нэмэгдэх үү?

-Мөнгийг шагналтай уяж өгөөгүй. Шагнал гэдэг бол эрхэм хүндэтгэл. Мөнгө дагалддаг зүйл тусдаа өөр хуулиар шийдэгддэг. Цол хүндэтгэл гэдгээрээ элдэв мөнгө дагуулж хэрэггүй гэж бодож байна.

-Шагналыг үнэ цэнэтэй байлгах, эзнээ олсныг батлахын тулд тухай хүний алдар цууг алдаршуулдаг. Энэ хуулийн төслийг дагалдуулж журам гаргавал ямар вэ? Шагналыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа юу?

-Шагналыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Алтангадас одон 1000 хүртэл гээд нийт суманд хуваарилагдахад манай суманд жилдээ 2 хүн л авах юм байна гэж тооцож ирүүлэх хэрэгтэй. Шагналд тодорхойлж байгаа хүмүүс энэ бүхнийг тооцох ёстой. Хүмүүс олон нийтээр хэлэлцүүлээд өгвөл зүгээр юм гэдэг. Бид Чингис хаан одон авах гэж байгаа хүнийг 10-аад хоногийн өмнө зарладаг. Олон нийт тухайн хүнийг харж, хийсэн бүтээсэн нь алдаршдаг. Журамд энэ талаар тусгасан. Зарим шагналд зөвлөл ажилладаг. Тийм учраас ажил мэргэжлийн шалгуур байгаа. Тэр байтугай одонг юугаар хийх вэ? ямар эрдэнийн чулуу байх вэ зэргийг грамм, унц, хэмждэг нэгжээр нь маш нарийн гаргадгийг журамласан. Одон медаль зарлиг гаргадаг зүйлийг аль болох цөөлөхийг хичээж байгаа. Одон авсан хүмүүс хийсэн бүтээснийг үнэлсэнд баярлалаа, хийж бүтээх урам өглөө гэдэг. Хамгийн гол шалгуур нь хийсэн бүтээснийг нь үнэлсэн байх юм. Гол нь тодорхойлолт байх болно. Анхан шатнаас хэнээс тодорхойлолт гарах вэ гэдгийг харгалзана. Хүмүүс олон шалгуур ярьдаг. Тоог нь хязгаарлах хэрэгтэй. Хуулиар шийдүүлэх гээд байгаа зүйл нь давхар хамгаалалт хийж өгч байгаа юм. Энэ нь Ерөнхийлөгч хүртэл өөртөө хариуцлага сахилгыг хийж өгч байна. Тоотой болохоор бүх зүйл төсөвлөгдөнө.

-Ойн медалиудыг яаж олгох вэ?

-Байгууллагуудын одон гэж байдаг. Тухайлбал, Ард түмний гавьяат гээд олон нийтийн байгууллага оруулдаг. Төрийн одон медальтай давхацсан нэртэй медаль байж болохгүй. Чингис хааны нэртэй Эрдэнийн Очир, Хөдөлмөрийн хүндэт, Алтан гадас гэх зэрэг медалийг олон нийтийн байгууллага давхардуулж олгохгүй. Бас медаль, одон гэж нэртэй байж болохгүй. Хариуцлагын хуулинд энэ талаар зааж өгч байгаа. Үүнийг журамлах хэрэгтэй. Байгууллагын шагналыг олговол Алтан гадас одонгоор л шагная гэж байгаа. Нэг шагнагдсан бол дахин шагнахгүй. Нэхэн шагнах зүйлд Улсын баатар цолыг л нэхэн шагнаж болно. Эх орныхоо төлөө онцгой гавьяа байгуулж амь насаа алдсан байдаг. Шударга журам медалийг нэхэн шагнаж болно. Төрийн байгууллагын хувьд олгох шагнал нь Засгийн газрын хуралдаанаар шийдэх ёстой. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог Шилдэг залуу эмч, эрдэмтэн, оюутан гэж байдаг. Мөн Ерөнхийлөгчийн шилжин явах цом цаашдаа олгогдоно. Шинээр бий болох зүйлийг УИХ-аар тогтооно. Алтан бөмбөг зэрэг байгууллагуудын олгодог цом нь олон нийтийн түвшинд байж болно. Хамгийн гол нь төрийн олгож байгаа одон медальтай давхцаж хэрэггүй.

-Нэг удаа олгохдоо 1000 гаруй Алтан гадас олгодог гэж байна. Өнгөрсөн онд та хичнээн хүнийг шагнасан бол?

-Нийт насанд хүрсэн хүмүүсийн нэр усыг оруулаад цахим бүртгэлтэй болсон. Амжилт бүтээл, хугацаа, ажилласан жил байна гээд шалгуур тавих гээд явж байна. Хамгийн их олгогдог зүйл бол Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон их олгогдог. Тоо тавихдаа ч энэ бүхнийг баримталсан. Тоо хэмжээний хувьд 3-5 дахин буурч байгаа.

-Энэ удаагийн парламент баталж амжих болов уу?

-Энэхүү асуултын цаана бас нэгэн санаа байгаа болов уу гэж харж байна. Одон олгох эрх Ерөнхийлөгчийн зарлигаар явж байгаа. Үүнийг хууль болгоё гэсэн. УИХ батлахгүй гэвэл дараагийн сонголтыг Ерөнхийлөгч хийх эрхтэй гэдгийг Үндсэн хуулинд заасан байгаа.

Г.ДАРЬ

 

 


Монгол Улсын баатар цол

Монгол Улсын баатар цолыг Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон Монгол Улсыг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг алдаршуулах эрхэм үйлсэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Монгол Улсын баатар цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна. Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан эх орныхоо төлөө амь насаа алдсан хүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно.

Улсын эрдэнэ цол

Улсын эрдэнэ цолыг үндэсний уламжлалт соёлын биет бус өвийн хосгүй нандин ховор төрөл зүйлсийн тодорхой илэрхийллийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх, шавь сургах, сурталчилж түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Улсын эрдэнэ цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна. Улсын эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа цагаан сарын баярыг тохиолдуулан олгоно.

Чингис хаан одон

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулна. Чингис хаан одонг жилд нэг удаа нэг хүртэл хүнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно.

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, төр, нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт нийтээр хүлээн зөвшөөрөхүйц гавьяа байгуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан иргэнд хүртээнэ. Уг цолыг жилд 50 хүртэл хүнд олгоно.

Эрдэнийн очир одон

Төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулж, монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол Улсын найрсаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан хүнд олгоно. Жилд 100 хүртэл хүн гардуулна. Алтан гадас одон Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт гавьяа байгуулсан хүнд олгоно. Уг одонг жилд 1000 хүртэл хүнд олгоно.

Цэргийн гавьяа одон

Цэргийн гавьяа одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хуулийн засаглалыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан албан хаагчийг шагнаж одонг үнэмлэхийн хамт гардуулна. Одонг жилд 500 хүртэл хүнд олгоно. Эхийн алдар одон Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулна. Хөдөлмөрийн хүндэт медаль Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан хүнд олгоно.

Цэргийн хүндэт медаль Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Шударга журам медаль

Эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Шударга журам медалиар нэхэн болон өмнөхөөс өөр болзол хангасан тохиолдолд дахин шагнаж болно.

Найрамдал медаль

Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Энхийн төлөө медаль

Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан иргэнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Төрийн соёрхол

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг, утга зохиол, оюуны шилдэг гарамгай бүтээлд олгоно.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж