Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ

Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ

НЭМЭЛТ: 11.30 ЦАГ

Монгол Ардын намын Бага хурал дөнгөж сая өндөрлөж, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Д.АМАРБАЯСГАЛАН: АРД ТҮМЭН БИДЭНД ӨНДӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЛЭЭ

Тэрбээр  “Монголын ард түмэн 2020 оны парламентын сонгуулиар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Энэ хүндтэй сонголтыг өнөөдөр  МАН-ын Бага хурлаар баталгаажуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг хэлэлцэн баталлаа. Монголынхоо нийт ард түмэнд талархаж байгаагаа дахин илэрхийлье. МАН-ын хувьд ялалт гэхээсээ илүү маш өндөр хариуцлага ирлээ гэж үзэж байгаа. Өнөөдрөөс эхлэн бид ажлаа шуурхайлж,  шударга ёсыг тогтоох,  төрийн албаны хүнд суртлыг арилгах нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах гэх  мэт олон ажил бидний өмнө байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад эдийн засгийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Дөрвөн жилийн хугацаанд бид  2.9 тэрбум ам.долларын өр тэглэх том үүрэг хариуцлага  байна. Мөн дэлхийн нийтээрээ тэмцэж буй цар тахлыг даван туулах мөн орлого нь хумигдаж байгаа ард иргэдээ орлоготой болгох, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт олон асуудал бидний өмнө бий” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлэх талаар Ерөнхий сайд Бага хурал дээрээ ярьсан уу?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын дөрөв хүртэлх гишүүн Засгийн газрын гишүүн болох боломжтой байгаа. Энэ хүрээнд Засгийн газраа байгуулж ажиллана. МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн эрх барьж байсан учраас дараагийн дөрвөн жилд илүү тогтвортой ялангуяа төрийн албаны тогтвортой байдлыг хангах ажиллана.

-Гишүүдээс хэн, хэн давхар дээлтэй байх вэ?

-Одоохондоо сайд нарын асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна. Өнөөдөр Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-аар оруулж, батална.  Түүний дараа Ерөнхий сайд Засгийн газартаа тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт хийнэ. Тэр нь Үндсэн хуультай холбоотой асуудал. Үндсэн хуулиар эдийн засгийн асуудлыг чухалчилж үзэх нөхцөл бий болсон. Хоёрдугаарт, МАН мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулна гэж онцгойлон тусгасан. Тиймээс соёл урлагаа хөгжүүлэх хүрээнд тус яамыг байгуулна.

-Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн тусдаа яам байх уу?

-Тусдаа яам байх уу  эсвэл зарим сайдын эрхлэх асуудлын хүрээнд авч явах уу гэдгээ одоо ярьж байна. Хоёр талтай асуудал. Нэг талдаа Эдийн засгийн хөгжлийн яам гэж тусдаа яам байх ёстой гэж эдийн засагчид үздэг. Нөгөө талдаа Сангийн яамнаас салсан тохиолдолд  яах вэ гэдэг олон зүйлээс хамаарч тусдаа яам байх нь зөв үү буруу юу гэдгийг бид хэлэлцэж байна. Намынхаа Удирдах зөвлөл дээр ярина.

-ЖДҮХС-аас зээл авсан зарим гишүүнийг сайдаар томилох асуудал яригдаж байна. Уг асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-ЖДҮ-д холбогдсон гишүүд гэж өмнөх парламентыг үздэг байсан. УИХ-ын гишүүд ёс зүйн алдаа дутагдал гаргаснаа олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Олон нийт ч шүүмжилж байсан учраас тэднийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжийг намын удирдлагын зүгээс олгоогүй. Хоёрдугаарт, энэ асуудалд холбогдсон гишүүд өөрсдөө ч гэсэн ухамсарлаж  нэр дэвшихээс татгалзсан. Нөгөө талдаа тухайн хүмүүсийн буруу гэдгийг хуулийн байгууллагаас тогтоогдоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ёс зүйн хариуцлагаа хүлээж  хойшоо суусан хүмүүсийг бид насан туршид нь шийтгэнэ гэж байхгүй. Тодорхой хэмжээний улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа. Магадгүй тодорхой түвшинд намын томилолт авч ажиллахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар тэр, энийг  сайд болгоно гэж албан ёсоор яригдаагүй учраас  одоо хэлэхэд эрт байна.

-Шинээр яамд байгуулбал төсөвт хүндрэл очих биш үү?

-Шинээр Засгийн газар байгуулагдаж байгаа учраас төсөвт тодорхой зохицуулалт хийгдэнэ.

МАН-ын Бага хурлын дүнгийн талаар мэдээлэл хийв

МАН-ын Бага хурлын дүнгийн талаар мэдээлэл хийв

Posted by News.mn on Tuesday, June 30, 2020


МАН-ЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 10.40 ЦАГ

Монгол Ардын намын Бага хурал яг одоо эхэлж байна. Бага хурал 189 гишүүнтэйгээр эхэлж, 97 гишүүн цахимаар оролцож, 87,5 хувийн ирцтэйгээр эхэллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх "Монгол ардын намын 76 нэр дэвшигчээс 62 гишүүнийг сонгож, итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа. Бидэнд ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж, эхлүүлсэн ажлаа дуусгаж, хөгжил дэвшлийн төлөө ууган нам бүхий л хүчин чармайлтаа дайчлах ёстой гэж бодож байна" хэмээн Бага хурлыг нээлээ.

Posted by News.mn on Tuesday, June 30, 2020

МАН-ын VII хуралдааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан удирдаж, орлогч даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдахаар боллоо. Хуралдаан даргалагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Бага хурлаар хэлэлцэх асуудлыг намын Удирдах зөвлөл баталсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг томилно" гэв. Бага хурал Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, асуулт, хариулт, үг хэлж, санал шүүмжлэл, санал хураалт гэсэн дарааллаар явагдах юм байна.

Сануулахад, МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх юм.

 


МАН БАГА ХУРЛААРАА ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОДРУУЛНА

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр /2020.07.01/ Тусгаар тогтнолын ордонд 10.00 цагаас хуралдана. Уг Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг МАН-аас тодруулах юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасан. Энэ дагуу парламентад олонх болсон МАН Ерөнхий сайдаа тодруулна. Хэдийгээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийг  Засгийн газрын тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон ч уг асуудлыг намынхаа Бага хурлаар заавал хэлэлцэх ёстой.

Ингээд Ерөнхий сайдыг Анхдугаар чуулганаар томилсноор Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.

Засгийн газрын бүтцэд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.  Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэж  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж