“Номын сан нээгдэхийг хүлээж байлаа”

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

“Номын сан нээгдэхийг хүлээж байлаа”

“Номын сан нээгдэхийг хүлээж байлаа”

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш сургууль, номын сан зэрэг сурч боловсорч, соён гэгээрч, бас чөлөөт цагаа өгөөжтэй өнгөрүүлэх боломжтой үйлчилгээний газрууд хаагдаад байсан билээ.

Харин өнгөрсөн сарын 22-нд нийслэлийн Засаг даргын захирамжаар номын сан, музейн үйл ажиллагааг нээсэн нь олон оюутан, төгсөгчдөд хамгийн сайхан мэдээ байсан гэж хэлж болно. Тиймээс энэ удаад номын сангаар залуус хэр үйлчлүүлж буйг сурвалжиллаа. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд өчигдөр /2020.6.30/ 16.00 цагийн үед очиход үйлчлүүлэгч олон байлаа. Цүнхээ өлгүүлэх өлгүүр цөөн үлдсэн байв. Ингээд дотогш ороход чимээгүй, тайван орчин, хүсэл мөрөөдөл, гэрэлт ирээдүйнхээ төлөө хичээн суралцаж, судалж буй олон зуун дулаан харц угтав.

НОМЫН САНГУУД УДАЛГҮЙ НЭЭГДЭЭСЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙСАН

Хүсэн хүлээсэн номын сангууд хэвийн ажиллаж эхэлсэнд баярлаж буй залуусын сэтгэгдлийг сонслоо. Тэнд байсан хүмүүс бүгд “Номын сан нээгдэхийг хүлээж байлаа” гэж байлаа.

А.Дөлгөөн

Нэгдүгээр сургуулийн 12Г ангид сурдаг. Манай сургуультай ойр болохоор хичээлээ тараад шууд энэ номын санд ирдэг байсан. Харин хаагдсанаас нь хойш шууд гэр рүүгээ явдаг болсон. Гэртээ хичээл хийхээр анхаарал сарниад, сатаараад, хүссэн хэмжээндээ хүрэхүйц үр дүн гарахгүй байсан. Номын сангууд удахгүй нээгдээсэй гэж бодож байлаа. Харин номын сан нээгдсэн өдрөөс эхлэн үйлчлүүлсэн. Нээгдсэн өдрөөс хойш хичээлээ дахин давтаад бас хажуугаар нь япон хэл үзлээ. Энд орчноосоо хамаараад анхаарал төвлөрч богино хугацааг ч үр дүнтэй ашиглах боломжтой байдаг. Математик, физик, англи хэлний хичээлээр ЭЕШ өгч, программист болох бодолтой байна.

ОДОО ЭЕШ ӨГӨХӨД БЭЛЭН БОЛСОН

А.Дэлгэржаргал

Энэ жил 12 дугаар ангиа төгсч байгаа. Гэрт хичээл давтахаар анхаарал сарнихаас эхлээд хичээл хийх нөхцөл бүрддэггүй. Ерөнхийдөө гэрт хичээл давтахаар 15 орчим минут болоод л анхаарал сарничихдаг. Номын сангуудыг нээлээ гэдэг мэдээг сонсоод маш их баярласан. Тэгээд нээгдсэн өдөр нь шууд очсон. Номын санг, энэ орчинг үнэхээр их санасан байсан. Номын сан нээгдсэн өдрөөс хойш өнгөрсөн жил ЭЕШ-д ирсэн материалууд дээр ажиллалаа. Одоо ЭЕШ-аа өгөхөд бэлэн болсон. Шалгалтаа хими, физик, англи хэл, математик, нийгмийн хичээлээр өгнө. Инженер болох бодолтой байгаа.

ӨДӨРТ 150-180 ХҮН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА

Ингээд үйл ажиллагаа нь эхэлсэн өдрөөс хойш Улаанбаатар хотын төв номын сангаар хичнээн хүн үйлчлүүлээд байгааг тус номын сангийн Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч В.Түвшинтогтохоос тодрууллаа. Зуны хуваарийн дагуу 10.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа энэ номын сан өглөө нээгдэхээс эхлээд хаагдах хүртэл танхим дүүрэн үйлчлүүлэгчтэй байгаа ажээ.  

 -Номын сангийн үйл ажиллагаа дахин нээгдсэнээс хойш нийт хэчнээн хүн танайхаар үйлчлүүлээд байна вэ?

-Номын сангийн үйл ажиллагаа нээгдсэн өдрөөс хойш өдөрт 100 гаруй хүн карт нээлгэж байгаа. Сүүлийн дөрөв хоногт 400 гаруй хүн шинээр карт нээлгэлээ. Уншлагын дөрвөн танхимаар өдөрт 150-180 хүн тасралтгүй үйлчлүүлж байна. Мөн гэрээр ном олгож байгаа.

-Номын сангийн фонд, үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлчилгээг илүү тухтай болгох тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хотын номын сан нь 350 мянга орчим номтой. Жилд 20-30 сая төгрөгөөр номын сангийн фондоо арвижуулж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 4-5 жилд энэ санхүүжилтийг олгож байгаа. Энэ жилийн хувьд 100 орчим сая төгрөгийн ном авсан. Шинэ номнуудаа есдүгээр сараас өмнө уншлагын танхимд шилжүүлэхээр ажиллаж байна. Одоогоор Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд манай салбар номын сангууд бий. Тус бүр уншлагын хоёр танхим, 80 орчим хүний суудалтай. Төв салбар дээр карт нээлгүүлээд аль ч салбараар үйлчлүүлэх боломжтой. Залуус номын санд өөрсдөө номоо авч орохыг хүсдэг болохоор бид тэдэнд зориулсан хэсэг гаргаж өгч байгаа.

Шил шилээ харж суух нь хичээл дээр суухтай адил тул хүүхдийн уншлагын танхимын дизайныг өөрчилсөн.

Олон улсын стандартаар 100 мянган хүний дунд нэг номын сан байх нь зохимжтой гэж үздэг. Энэ утгаараа нийслэлд ниитийн 15 номын сан байх шаардлагатай. Гэтэл одоогоор Үндэсний төв номын сан, Хүүхдийн төв номын сан, манай төвийн болон салбар нийлсэн нийтийн долоон номын сан л нийслэлд байна.

-Жил бүр номын фондоо нэмж авахдаа сонголт дээр хэрхэн ажилладаг вэ?

-Уншигчдын хүсэлтийг харгалздаг. Манайд уншигчдад зориулсан санал хүсэлтийн дэвтэр байдаг. Энэ бүхнийг харгалзан дүгнэлт хийгээд номоо сонгодог.

-Халдвар хамгаалал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Халууныг шалгаж оруулж байгаа, бүгдэд нь халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж өгч байна. Уг нь ширээ бүрийг нэг метрийн зайд байрлуулах гэж хичээсэн ч багтаамж, олон үйлчлүүлэгчдийн хэрэгцээ зэргээс шалтгаалаад боломжгүй байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж