УИХ-ын сонгуульд 62 суудал авсан эрх баригч МАН анхдугаар чуулганы хуралдуулж, тангараг өргөв. Мөн УИХ-ын даргаар өнгөрсөн парламентын хоёр жил ажилласан Г.Занданшатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар улираан томилов.
НЭГ ГИШҮҮН НЬ ХОРИГДОЖ БАЙНА
УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 461-р хорих ангид хоригдож байгаа. Ж.Эрдэнэбатын хувьд Сэлэнгэ аймагт хамгийн олон санал буюу 22865 хүний санал буюу 46,61 хувиар ялалт байгуулсан юм. Ингэхдээ тэрбээр УИХ-ын сонгуульд хорих ангиас өрсөлдөж, ялалт байгуулсан анхдагч болж байгаа юм. Гэвч түүнд холбогдох шүүх хурал маргааш буюу долдугаар сарын 2-ны өдөр болох юм.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй бөгөөд зургадугаар сарын 12-нд цагдан хорьсон. Ингэхдээ барьцааны төлбөр болох 10 сая төгрөгийг байршуулаагүй хэмээн үзсэн билээ.
УИХ-ЫН ДЭД ДАРГААР С.ОДОНТУЯА, Т.АЮУРСАЙХАН НАРЫГ ДЭВШҮҮЛЭВ
УИХ хоёр дэд даргатай байх ёстой бөгөөд олон суудалтай намуудаас хоёр төлөөллийг сонгодог. Тэгвэл Ардчилсан намаас УИХ-ын гишүүн С.Одонтуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн бол МАН-аас Т.Аюурсайханыг тус тус нэр дэвшүүлээд байна. Тэднийг өнөөдөр хуралдах чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
УИХ-ын дэд дарга, түүний чиг үүрэг:
- 12.1. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.
- 12.2. Улсын Их Хурлын дэд даргыг энэ хуулийн 9.3-9.5-д заасан журмын дагуу сонгож, 10.2.2, 10.2.3-т заасан үндэслэлээр чөлөөлж, 10.2.4, 10.2.5-д заасан үндэслэлээр огцруулна.
- 12.3. Энэ хуулийн 26.4-т зааснаар нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс сонгогдсон дэд даргыг чөлөөлөгдсөнд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.
- 12.4. Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ
- 12.4.1. Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
- 12.4.2. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
- 12.4.3. Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих
- 12.4.4. Улсын Их Хурлын даргаас даалгасан бусад чиг үүрэг
- 12.4.5. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
- 12.5. Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.
- АН шийдвэрээ УИХ-д танилцуулж, батлуулснаар албажна.
УИХ-ЫН ЯАРАЛТАЙ ТАВАН АЖИЛ ХИЙНЭ ГЭВ
УИХ-ын даргын хэлсэнчлэн энэ парламент ойрын хугацаанд таван асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орно гэв.
- Хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” томоохон хуулиуд биднийг хүлээж байна. Эхний ээлжинд 37 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах шаардлагатай. Үүнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг олон хууль биднийг хүлээж байна. Заримынх нь эхний хэлэлцүүлгийг хийсэн, төсөл нь бэлэн болсон байгаа. Шууд хэлэлцэж эхлэхэд ямар ч саад байхгүй.
- Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, өсөлтийн суурийг бүрдүүлэх, мөрийн хөтөлбөрт багтсан амлалтаа хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орох шаардлагатай байна. Коронавирусийн халдварт цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа, иргэдээ хамгаалах, ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх, нэгэнт авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнд хүргэх нь чухал байна. Тухайлбал, банк санхүүгийн реформыг үргэлжлүүлэх, зээлийн хүүг бууруулж 1 оронтой тоонд хүргэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах зэрэг шийдвэрийг Улсын Их Хурал нэн яаралтай гаргахыг ард түмэн хүлээж байгаа.
- Эдийн засгаа солонгоруулахын тулд эхний ээлжинд хос морьтой болж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа өөрчилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого өнөө маргаашгүй бодит ажил хэрэг болж эхлэх шаардлагатай байна. Үүний тулд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрүүдийг гаргах нь зайлшгүй чухал юм.
- Төрөө төвшитгөх, сайн засаглалыг бүрдүүлэх үүргийг бид ард түмнээсээ авсан. Энэ хүрээнд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэргүүнд анхаарах хэрэгтэй байна. Иймд Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгон өргөтгөх ёстой гэж Улсын Их Хурлын даргын хувьд үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нэн яаралтай журамлаж, хуульчлах хэрэгтэй байна. Энэ бүтцүүдээр дамжуулан зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийг биш, нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
- Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр нэгэнт авч хэрэгжүүлж байгаа бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлж, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, “Тэтгэврийн шинэчлэл”, “Бага өртөгтэй орон сууц”, “Тогтвортой амар амгалан гэр бүл” зэрэг олон хөтөлбөрийг ойрын үед эцэслэн боловсруулж, батлуулах шаардлагатай байна.
Ш.ЧИМЭГ