Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, спортын арга хэмжээ, PC тоглоомын газар, диско баар, бүжгийн баарнаас бусад бүх төрлийн хүүхдийн тоглоомын газар, биллиард, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээх шийдвэр гарчээ. Ингэхдээ нийслэлээс ажлын хэсэг гарч, дээрх байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт, шалгалт хийсний үндсэн дээр үйл ажиллагааг нь нээх зөвшөөрөл олгох ажээ.
Харин жагсаал цуглааныг хатуу хориглож байгаа ажээ. Мөн олноор цуглардаг спортын арга хэмжээг мөн зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна.
УОК: ХИЛИЙН ХОРИГИЙГ ДОЛДУГААР САРЫН 15 ХҮРТЭЛ СУНГАВ
Улсын Онцгой Комисс /УОК/ болон Засгийн газар өнөөдөр /2020.06.30/хуралдлаа. Хуралдаанаар улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх долдугаар сарын 15-н хүртэл сунгажээ. Гэхдээ үйлчилгээний байгууллагыг шат дараатай нээх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ:
"УОК хуралдлаа. Улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, иргэд аж ахуй нэгж байгууллагуудын ажлын байрыг хадгалах чиглэлээр аймаг, нийслэлийн удирдлагуудад хэд, хэдэн удаа үүрэг өгөгдсөн. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийлээ. Өмнө нь нийслэлийн Засаг дарга болон УОК-ын зүгээс хэд, хэдэн чиглэлээр үйлчилгээний байгууллагыг үе шаттай нээсэн. Энэ нь ДЭМБ, ЭМЯ-аас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлсний дараа үе шаттай нээсэн гэж ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр УОК-ын өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Онцгой Комисс хуралдана. НОК дээр хэд, хэдэн зүйлийг хязгаарлалттай танилцуулна. Тухайлбал,
- Олноор цугласан жагсаал цуглаан хийхийг хориглосон хэвээр байх болно.
- Нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон
- PC тоглоомыг газрыг нээхгүй байх
- Диско баарыг нээхгүй байх чиглэлийг авсан
Харин билльярд, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээ буюу кинотеатрын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу ажиллах боломжтой гэсэн санал гарсан. ЭМЯ, Шуурхай штаб дээр чиглэл чиглэлийн байгууллага ямар хэлбэрээр халдвар хамгааллаа зохион байгуулах, иргэдийн эрүүл мэндийн амь насыг хамгаалах зөвлөмжийг хэрэгжүүлсэн байгууллагыг үе шаттай нээх чиглэлийг НОК-ын хуралдаанаар хэлэлцэх гэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 1000 орчим байгууллагын үйл ажиллагаа нээвэл 10 мянган ажлын байр хадгалах, нэмэгдүүлэх боломж байна. Иймээс дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй байгаа энэ үед эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт гарсны дараа дээрх байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээх бололцоо байна" гэлээ.
Холбоотой мэдээ