Өмнөд Солонгосын холимог тулааны Road FC холбооны тулаанч, Монголын холимог тулааны MFC холбооны -70 килограммын жингийн анхны аварга М.Нандин-Эрдэнэ өнгөрөгч тавдугаар сарын 23-нд Road FC холбооны ээлжит өдөрлөгт оролцон оргил тулаанд нь тулалдсан билээ. Тэрбээр өөрийн өрсөлдөгч Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ-Ёныг нэгдүгээр үеийн 38 дахь секундэд хүнд цохилтоор унаган ээлжит ялалтаа байгуулсан. Тэгвэл энэхүү тулаанд ялагдсан Ким Сэ-Ёны зүгээс холбоондоо хүсэлт гарган дахин М.Нандин-Эрдэнэтэй тулалдахаар болжээ.
Дээрх хоёр тулаанчийн ээлжит тулаан ирэх долдугаар сарын 18-ны өдөр Road FC холбооны ARC 2 өдөрлөгийн хүрээнд явагдана.
Ким Сэ-Ёны зүгээс тулааны үеэр М.Нандин-Эрдэнийг нүд рүү нь хуруугаа хийсэн хэмээн гомдол гаргажээ. Тэрбээр “Тулаан эхлээд хэдхэн секунд л болж байсан. Би ч өөртөө итгэлтэй байсан боловч гэнэт нүд харанхуйлаад ирсэн. Шүүгч миний нөхцөл байдлыг ойлгоод тулааныг зогсоох байх гэж бодсон ч тэр алдаа гаргасан” хэмээжээ. Тулааны дараа Ким Сэ-Ён хоёр өдөр унталгүй сэтгэл дундуур байсан гэнэ. Ким Сэ-Ён “Би тэр өдөр, тэр өдрийн маргааш нь ч унтаж чадаагүй. Үнэхээр ичгүүртэй байсан. Өдөр бүр л бэлтгэлээ хийж дараагийн тулаандаа бэлтгэлтэй байхыг хүсч байна. Дахин тулалдах боломж олгосон М.Нандин-Эрдэнэд баярлалаа” хэмээжээ.
Холбоотой мэдээ