Энэтхэг, БНХАУ хоёр хилийн мөргөлдөөнөөс болсон үл ойлголцол хурцдахын хэрээр Энэтхэг ТикТок болон олонд танигдсан зарим Хятад гар утасны хэрэглээг хориглох шийдвэр гаргажээ.
Энэтхэгийн электрон, мэдээллийн технологийн яам энэ долоо хоногт Хятад гар утасны хэрэглээний платформуудыг ашиглан Энэтхэгийн гадна байгаа серверүүд хэрэглэгчдийн мэдээллийг буруугаар ашиглах, дамжуулах зөрчил ихээр илэрч байгааг мэдээлсэн байна.
Иймд яамнаас “Тэдгээр мэдээллүүдийг буруу ашиглах, дамжуулах зэрэг нь Энэтхэгийн үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт сөрөг нөлөөтэй учир маш нухацтай хандаж яаралтай арга хэмжээ авах нэн шаардлагатай” хэмээн мэдэгдээд нийт 59 платформыг Энэтхэг улсад хэрэглэхийг хориглох шийдвэр гаргажээ.
Мэдэгдэлдээ Энэтхэгийн засгийн газар БНХАУ-ын тухай тодорхой дурдаагүй ч сүүлийн үед хилийн мөргөлдөөнөөс болсон үл ойлголцол олон шийдвэрийн шалтгаан болж байгаа билээ. Мөн Энэтхэгийн ард иргэд ч БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа технологийн салбарт хөрөнгө оруулахгүй байхыг уриалах болсон байна.
Засгийн газар “Олон нийт гар утасны хэрэглээгээр дамжуулан ард иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж, буруугаар ашиглаж байгаа явдлын эсрэг байр сууриа ихээр илэрхийлж байна” хэмээн мэдэгдээд дээрх 59 платформыг танилцуулжээ. Тэдгээрт БНХАУ-ын Clash of Kings, WeChat, Weibo, CamScanner, TikTok зэрэг багтжээ.
ТикТок бол БНХАУ-ын технологийн салбарын аварга Bytendance компанийн бүтээсэн платформ бөгөөд зөвхөн Энэтхэгт л гэхэд 120 сая хэрэглэгчтэй байжээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ