Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах цэнгэлдэх хүрээлэнгүүд ашиглалтанд орж эхэлсэн билээ. Энэ удаад Катар-2022 ДАШТ-ийг хүлээн авах “Эдүкейшн Сити” цэнгэлдэх хүрээлэн ашиглалтанд орлоо. "Цөлийн алмааз" гэгдээд буй энэхүү 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн нь ирэх 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах найман цэнгэлдэхийн нэг юм. Тус цэнгэлдэх хүрээлэн нь гурвалжин хэлбэртэй, очир алмаазан гадаргуутай бөгөөд нар мандаж, тэнгэрт голлох тусам гадаргуу нь өнгөө өөрчлөх аж.
Эдүкейшн Сити цэнгэлдэхийн барилгын материалын 25 хувийг дахин боловсруулсан гэнэ.
Катар-2022 ДАШТ-ий зохион байгуулах хорооны дарга Нассер Аль Хатер “Эдүкейшн хотын зүрхэнд сүндэрлэсэн гэдэг утгаараа энэ байгууламж улам илүү содон боллоо. Эдүкейшн хотод манай улсын тэргүүлэх их сургуулиуд, нийгэмлэгүүд, ахлах сургуулиуд байрладаг бөгөөд хөлбөмбөгийн ДАШТ-ий дараагаар энэхүү цэнгэлдэхийг хүүхэд залуусын спортын байгууламж, амралт зугаалгын төвөөр ашиглах болно” хэмээжээ.
Тус цэнгэлдэх хүрээлэн нь GSAS буюу “Дэлхийн тогтвортой байдлын үнэлгээний тогтолцоо”-оос таван од хүртсэн анхны Катар-2022 ДАШТ-ий цэнгэлдэх боллоо. Энэ тухай Нассер Аль Хатер “Бусад дөрвөн цэнгэлдэх хүрээлэн нь дөрвөн од авсан байхад энэ цэнгэлдэх маань таван од авлаа. Энэ нь тус цэнгэлдэхийг улам онцгой содон болгож байна” хэмээжээ.
Катар улс өмнө нь Халифа олон улсын цэнгэлдэх болон Аль Жануб цэнгэлдэх хүрээлэнгүүдийг ашиглалтанд оруулаад байсан юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс 2020 оны төгсгөл гэхэд Аль Райан болон Аль Байт зэрэг хоёр цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна.
Холбоотой мэдээ