2020-2024 оны парламентын анхдугаар чуулган хуралдаж байна.
2020-2024 оны парламентын анхдугаар чуулган хуралдаж байна.
Posted by News.mn on Monday, June 29, 2020
Б.Пүрэвдорж: Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэйгээ санаж ажиллаарай
Анхдугаар чуулган: УИХ-ын дарга, дэд даргыг сонгох гэж байна.
Анхдугаар чуулган: УИХ-ын дарга, дэд даргыг сонгох гэж байна.
Posted by News.mn on Tuesday, June 30, 2020
УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын 2020 оны сонгуульд 62 суудал авсан МАН УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ. Тэрбээр эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2017-2019 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2019 оноос УИХ-ын даргаар ажиллаж байв.
Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, томиллоо. Үүнтэй холбоотой
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, УИХ-ын даргаа томиллоо. Ард түмэн эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай үед илүү их тогтвортой байдлыг хүссэн. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн өмнөх үеийн алдаа дутагдлыг та бүхэн өнгөрсөн дөрвөн жил шүүмжилж ирсэн. Цаашид дөрвөн жилийн хугацаанд Монголын эдийн засгийг авч явах хүнд ачаа ногдож байгаа. Хүчээ дайчилж ажиллана гэж найдаж байна. 2016-2020 онд мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан учраас 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, илүү сайн ажиллаарай. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ анхаарч, зарчимтай ажиллаарай. УИХ-ын дарга Г.Занданшатар танаа УИХ-ын гишүүн бол ард түмнийхээ санаа бодлыг төрд хүргэх, хэлдэг. Сөрөг хүчнээрээ дамжуулж ард түмэн эрх баригчдын бодлого, шийдвэрт үгээ дайдаг юм шүү. Эрх баригчидтөрийн албан хаагч, намын гишүүдтэйгээ уулздаг. Тиймээс ирэх дөрвөн жил иргэдийн үгийг УИХ дээр хэлэх боломжийг битгий хаагаарай, иргэдийн үг, сөрөг хүчний үг төрд хэрэг болдог юм шүү гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ыг сонгох найм дах удаагийн сонгууль амжилттай өндөрлөж, шинэ гишүүд тангаргаа өргөлөө. Байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. УИХ төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгон байгуулсан ард иргэдэд талархал илэрхийлье. Ард түмнийхээ итгэлийг хүлээж, төрөө түших эрхэм хариуцлагатай эрхэм гишүүдэд баяр хүргэе. Улс төрийн дөрвөн нам парламентад суудалтай боллоо. МАН үнэмлэхүй олонх болсон нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын эхлүүлсэн ажлыг үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай төрийн бий болгох итгэл гэж үзэж байна. Монголын сайн сайхны төлөөх ухрах, иргэдийнхээ итгэлийг хугалах эрх байхгүй учир Монголоо сэргээн мандуулах, хөгжлийн шинэ эринийг эхлүүлэх үүрэг бидэнд оногдож байна. Тиймээс УИХ яаралтай хуулийн реформ, эдийн засгийн реформ, эдийн засгаа солонгоруулахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, төрөө төвшитгөх сайн засаглалыг бий болгож ёс зүйг сахиж, УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгох, Хянан шалгах дэд хороог яаралтай байгуулах, иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлэх зэрэг таван чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ойрын үед ажилдаа орно. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд цаг үед амрах зав байхгүй. Тиймээс хүчээ нэгтгэхийг та бүхнээс хүсч байна.
Үүгээр анхдугаар чуулганы хуралдаан өндөрлөж, маргааш буюу долдугаар сарын 1-ний 15.00 цагт үргэлжилнэ.
Шинэ парламент 75 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ
2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд холбогдох хууль тогтоомжийг үндэслэж, УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулахад Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбат хоригдож байгаа учраас 75 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
Одоо чуулганы хуралдаан түр завсарлаж, МАН-ын Удирдах зөвлөл хуралдах бөгөөд 16.00 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм.
УИХ-ын чуулганы хуралдаан 16.00 цагт үргэлжлүүлэн хуралдах байсан ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусаагүй учраас эхлээгүй байна.
Чуулган: УИХ-ын гишүүд тангараг өргөж байна
УИХ-ын анхдугаар чуулган үргэлжилж байгаа бөгөөд хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэлсний дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн дүнг анхдугаар чуулганы хуралдаанд танилцууллаа. Үүний дараа СЕХ-ны дүнтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Сонгууль будилаантай болсон асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигчид маргаан үүсгэж байсан. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ. Бид анхнаасаа зөв хандаж явах учиртай. Хэвлэлийн бага хурал хийж сонгууль шударга бус болсон гэсэн хүмүүс байсан. СЕХ хяналтын тооллого хийсэн. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ.
СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн:
-2020 оны ээлжит сонгуулийн үеэр СЕХ-нд 1151 гомдол, өргөдөл ирсэн. Олонх нь сонгуулийн зохион байгуулалт, хэсгийн хороо, санал авах байртай холбоотой гомдол байсныг тухай бүрт нь шийдвэрлэсэн. Хуульд зааснаар зөрчилтэй холбоотой асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Тагнуулын байгууллагад гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Сонгуулийн автомат системтэй холбоотой гомдлууд ирсэн. Хуульд зааснаар 2070 хэсгээс 41 хувьд нь хяналтын тооллого хийсэн, зөрчил гараагүй. Хяналтын тооллого хийхэд нам, эвсэл, бие даагчдын төлөөллийг байлцуулж, хяналтын тооллого хийсэн. Тайлангаас үзэхэд ажиглаж байсан төлөөлөгчид бүгд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байсан. Ерөнхийлөгчид гомдол шаардлага хүргүүлсний дараа дахин 164 хэсэг нэмэлт тооллого хийхэд 645 ажиглагч оролцсон. Энэ тооллогын тайланд мөн зөрүү гараагүй, түүнийг нь дэмжиж ажиглагчид гарын үсэг зурсан.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Ард түмний элч болж сонгогдсон та бүхэнд амжилт хүсье. Би ялсан ч гэсэн шударга бус сонгууль болсон хүмүүсийн өмнөөс үг хэлнэ. Тагнуултай кино үзэж байсан тулдаа би амьд гарсан. Ямар аймшигтай, аархсан сонгууль болов. Энэ янзаараа байвал Монголын улс төр авлигаас салахгүй. Сонгуулийн ерөнхий хороонд хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсэг яаралтай байгуулж, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулх ёстой.
Ийн гишүүд асуулт, тодруулга авсны дараа гишүүд тангараг өргөж байна. УИХ-ын гишүүний тангаргийг хамгийн ахмад гишүүн өргөж, бусад гишүүд үсгийн дарааллаар тангараг өргөнө. Гишүүдийн тангараг өргөх ёслол үргэлжилж байна.
Анхдугаар чуулганы хуралдаан эхэллээ
2020-2024 оны парламентын анхдугаар чуулганы хуралдаан өнөөдөр /2020.06.30/ товлогдож, дөнгөж сая эхэллээ. Анхдугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА:
-Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асан олон ажил хүлээж байгаа хариуцлагатай цаг үед та бүхэн ард олны итгэлийг авч, сонгодлоо. Та бүхэн хариуцлагатай байж, ард иргэдийнхээ боломжийг хулгайлахгүй байхыг хатуу анхааруулж байна. Ёс зүйгүй, зарчимгүй үйлдэл та бүхнээс гарч болохгүй шүү. Ард түмний итгэлээр өөрсдийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх учиргүй. Мөн ард түмний дунд эргэлзээ төрүүлсэн учраас СЕХ-ны удирдлага яаралтай МАН найман жил эрх барьж, өнгөрсөн рүү буруу чихэх биш, шийдлээс бултах арга байхгүй. Олонх болсондоо эрдэхгүй, улс орны өмнө нүүрлэсэн эдийн засгийн хямралыг даван туулах, ажлын байр хадгалах оновчтой шийдвэр, шийдэл гаргуулахаар ард түмэн итгэл хүлээлгэсэн. Сөрөг хүчин сөргөлцөхөөс илүү ойлголцож, хамтарч ажиллахыг анхааруулж байна. Энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар их үнэтэй, сургамж үлдээж байгааг анхаарч, сонгуулийн ситем, аргачлалаа солих хэрэгтэйг сануулж байна. Монгол Улсын өмнө хохирол багатайгаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, шаардлагатай хууль дүрэм журмыг гаргах зэрэг маш олон хариуцлагатай ажил та бүхнийг хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газартай маш нягт, ойлголцож ажилласны дүнд төмөр замын чиглэлийн бүтээн байгуулалтуудын эхлэлийг тавьж эхэлсэн билээ. Төмөр замын дэд бүтцийг дагуулан, говийн бүсийг усжуулах, яаралтай бүтээн байгуулах замаар гүний усыг уул уурхайд ашиглахыг хориглох, мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа биелүүлэхийг өнөөдрөөс эхлүүлэх хэрэгтэй байна. Мөн үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэж буй ажлуудыг хурдан шуурхай бүтээн байгуулалтыг хийж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой орлогын баталгааг бий болгох, арьс шир боловсруулах 10 мянган үйлдвэр зэргийг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Та бүхний өмнө иргэдийн амжиргааг дордуулахгүйгээр, иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна. Асар их ажил, зоригтой шийдэл та бүхнийг хүлээж байна. Та бүхний өмнө улс орны эдийг засгийг өөд татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж, шийдвэр гаргах эрхийг олгодог. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна.
Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг нээсний дараа УИХ-ын хамгийн ахмад настай гишүүн болох Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан даргалж явуулж байна. УИХ-ын сонгуулийн дүнг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг улсын хэмжээнд сонгуулийн төв байгууллага, нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгууллаа.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн 13 нам, 4 эвслийг бүртгэж батламж олгосон болно. УИХ-ын сонгуульд нийт 606 хүнийг бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосноос 19.9 хувь нь буюу 121 нь бие даан нэр дэвшигч, 24.9 хувь нь буюу 151 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Үүнд: Монгол Ардын Нам – 76, Ардчилсан Нам – 76, Монголын Ногоон Нам – 15, Та бидний эвсэл – 74, ШИНЭ эвсэл – 72, Зөв хүн электорат эвсэл – 53, Ард Түмний Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Их Эв Нам тус бүр 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам – 13, Хөгжлийн Хөтөлбөр Нам – 7, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл – 34, Зон Олны Нам – 30, Дэлхийн Монголчууд Нам – 3, Ард Түмний Олонхийн Засаглал Нам – 24, Гэр Хороолол Хөгжлийн Нам – 4 хүн нэр дэвшүүлж сонгуульд оролцлоо.
Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө дуусгалаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгааг нам, эвсэл, нэр дэвшигчид өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд Засгийн газраас баталсан журмын дагуу цахим орчин, хэвлэл мэдээлэл, зурагт самбар, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглаж уулзалт цуглааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хэрэгсэлтэйгээр зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 13 дугаар тогтоолд заасан цаг хугацаанд зохион байгуулж явууллаа.
Сонгуулийн дүнгээр Монгол Ардын Намаас – 62, Ардчилсан Намаас – 11, “Та бидний эвсэл”-ээс /МАХН-ИЗНН-МҮАН/ – 1, “Зөв хүн электорат” эвслээс – 1, бие даан нэр дэвшигч – 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Улсын Их Хурлын гишүүдийн 38 нь анх удаа сонгогдсон, 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 33 настай байна. Нийт гишүүдийн 14 /18.42 хувь/ нь хуульч, эрх зүйч, 21 /27.63 хувь/ нь эдийн засагч, 12 /15.79 хувь/ нь инженер, агрономич, 14 /18.42 хувь/ нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 /11.84 хувь/ нь эмч, багш, 6 /7.89 хувь/ нь бусад мэргэжлийн хүн байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан 76 гишүүнийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ