"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг прокурорын захирамжийн дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа билээ. Түүнд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Тэгвэл Баянзүрх дүүргийн прокурорын газар Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох долоон хавтас эрүүгийн хэргийг 2020 оны зургадугаар сарын 10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Харин яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан бөгөөд дээрхи хүсэлтдээ яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх санал гаргасныг шүүх хангахаас татгалзаж, яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаад урьд авсан цагдан хорих, яллагдагч Г.Амарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газар Г.Загдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол /,11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 / 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн 2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн/-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан ажээ.
Холбоотой мэдээ