Сингапур Хонгконгийн байр суурийг эзлэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

Сингапур Хонгконгийн байр суурийг эзлэх үү?

Сингапур Хонгконгийн байр суурийг эзлэх үү?

Бээжингийн шинэ хууль батлагдаж байдал хэцүү болсоор байгаа ч Япон, БНСУ-ын компаниуд Хонгконгийн эдийн засгийн фирмүүдтэй холбоотой ажиллахыг эрмэлзэж, бас энэ үед Сингапур улам хүчирхэгжсээр байна.

Сингапурт долдугаар сарын 10-нд санал хураалт болох тул бүгд сонгуулийн халуунтай байгаагаас Хонгконгод хэрэгжиж буй шинэ хуульд санаа зовних хүн цөөхөн байгаа бололтой. Гэхдээ Сингапурын төв банк өнгөрсөн жил хөрөнгө оруулагчдад Хонгконгийн үймээн самууныг ашиглахгүй байхыг сануулсан удаатай.

Харин энэ сард Сингапурын мөнгөний хэрэг эрхлэх газар гадаад валютын хадгаламжийн хэмжээ жилийн өмнөхөөс бараг дөрөв дахин өсч, дөрөвдүгээр сард 27 тэрбум ам.доллар, гадаад иргэдийн хадгаламж 44 хувиар өсч, 62 тэрбум ам.доллар болсныг  мэдэгджээ. Эдгээр нь 1991 оноос хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр тоо бөгөөд Хонгконг зэрэг бусад нутгаас хөрөнгө оруулагчид нүүн ирж байгаагаас улбаатай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ Сингапурын мөнгөний хэрэг эрхлэх газар дээрх байдлаар өссөн хадгаламжууд нь зөвхөн нэг хот, улсаас биш олон улсын иргэдийн хадгаламж хэмээн цохон тэмдэглэсэн аж.

INSTEAD агентлагийн эдийн засгийн профессор Антонио Фатас “Энэ бол маш нарийн, төвөгтэй асуудал. Би хувьдаа Азийн орнуудын засгийн газрууд гадны фирмүүдийг өөртөө татах талаар эрс шийдэмгий мэдэгдэл хийхгүй. БНХАУ ч түүнийг нь таатай хүлээж авахгүй хэмээн бодож байна” хэмээн ярьжээ.

Хонгконгод энэ долоо хоногоос үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гадны болон дотоодын хүч, салан тусгаарлалт, терроризм, нууц хуйвалдааны эсрэг хууль хэрэгжиж эхлэх агаад Бээжингийн тайлбарлаж буйгаар бол энэ нь тогтвортой байдлыг сэргээхэд зайлшгүй шаардлагатай зүйл аж.

Тус хуулинд чухам юуг гэмт хэрэг хэмээн үзэх талаар нарийн тайлбар одоохондоо байхгүй  ч цаашдаа тус хуулиас болоод Азийн санхүүгийн төв болох Хонгконгийн чадвар наад зах нь мэдээллийн эрх чөлөөгүй болсноор асар их доройтох вий гэсэн болгоомжлол бий болоод байгаа.

CIMB хувийн банкны эдийн засагч Сун Сэн Вүн Хонгконгод хэрэгжиж буй шинэ хууль Сингапурт давуу тал болно гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Сингапурт дотоодын улс төрд гадаадын оролцоо, худал мэдээлэл тархахаас сэргийлсэн маш чанга хатуу хуультай гэдгийг онцолж, тус хууль шинэ нөхцөл байдалд хэрхэн сөргөөр нөлөөлөх нь ойлгомжгүй байгааг тайлбарласан байна. Мөн “Энэ нь 1997 оны долдугаар сард Хонгконг буцаад БНХАУ-ын мэдэлд очихоос хэдэн сарын өмнөх тодорхойгүй байдалтай төстэй” хэмээн тодорхойлжээ.

Хонгконг, Сингапурын эдийн засгийг харьцуулах явдал эртнээс байсан бөгөөд Хонгконгийг эх газартай илүү ойрхон тул хутганы ирэн дээр байгаатай ижил хэмээн үздэг байжээ. Хонгконг, Сингапур хоёр компаниудаас ижил хэмжээний татвар авдаг. Тухайлбал Хонгконг 16.5 хувь, Сингапур 17 хувь. Мөн Хонгконгийн санхүүгийн үйлчилгээний салбар 2018 оны байдлаар нийт ажиллах хүчний долоон хувийг ажлын байраар хангаж, ДНБ-ийн 20 хувийг бүрдүүлж байсан бол Сингапур нийт ажиллах хүчнийхээ 5 хувийг ажлын байраар хангаж, ДНБ-ий 13.9 хувийг бүрдүүлж байсан гэнэ.

Түүнээс гадна Хонгконгийн хөрөнгийн зах зээл илүү хүчирхэг гэгддэг. Тухайлбал энэ сард хөрөнгийн биржийн үнэлгээ нь Сингапурын 6.4 тэрбум ам.доллараас долоо дахин их буюу 47 тэрбум ам.доллар байгаа аж. Мөн эх газрын чинээлэг хүмүүс Хонгконгод мөнгө зарах нь илүү их байдаг билээ.

Хонгконгод нийт 420 гаруй сан төвлөрсөн байдаг бөгөөд эдгээр нь Сингапур, Япон, Австралийнхыг нийлүүлснээс их буюу 91 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хөрөнгийг удирддаг хэмээн энэ сард Financial Times агентлаг мэдээлсэн байна.

Хонгконгийн нийт долоон сая хүн амын 650 мянга гаруй нь гадаад иргэд. Харин Сингапурт нийт 5.7 сая оршин суугчдын 1.7 сая орчим нь гадаад иргэд гэнэ. Үүнээс 400 мянга нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий паспорттой байгаа нь сард доод тал нь 2400-3900 ам.доллар олдог гэсэн үг юм.

Одоогийн байдлаар тодорхой тохиолдлууд ил болоогүй байгаа ч Сингапурын банкируудын мэдээлж буйгаар бол чинээлэг хөрөнгө оруулагчид Хонгконгоос хөрөнгөө нүүлгэх, эсвэл өргөжүүлэх сонирхолтой байгаа гэнэ.

Хүний нөөц, татвар, нягтлан бодохын мэргэжлийн тусламж үзүүлдэг TMF группийн мэдээлснээр хэд хэдэн компани Хонгконгоос Сингапур луу нүүхийн тулд бичиг баримт бүрдүүлж байгаа гэнэ. Гэвч тэдгээрийн ихэнх нь ажил хэрэг болж хараахан чадаагүй аж.

Хонгконг дахь гадаад иргэдийн хувьд Сингапурын нэр хүнд сүүлийн үед маш ихээр өсч буй. Учир нь Хонгконгийн эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн зэрэг нь оршин суугчдад аюултай санагдах болж, эсрэгээр Сингапур дахь бага түрээс, аюулгүй гудамжууд, чөлөөт цагаа өнгөрөөх газрууд ихэсч байгаа нь ихээр нөлөөлж байгаа бололтой.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж