“ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан пүрэв гаригт /2020.07.02/ 09.00 цагт товлогджээ. 11 мянга 398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгаа ажээ.
Мөн Монгол улсын Засгийн газраас цар тахлын үед авах арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болон Эрүүл мэндийн яамны өгч буй зөвлөмжийн хүрээнд тус шүүхийн тамгын газраас шүүх хуралдааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болсон тул хохирогч нарт шүүх хуралдааны явцыг “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулах ажээ.
Хэргийг сануулахад, Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи тайм” гэх нэртэй сүлжээ 2017 онд Монгол Улсад дэлгэрч, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн халаасыг ухаж, өөрсдийнхөө халаасыг зузааруулсан ч өдийг хүртэл залилуулсан иргэд мөнгөө авч чадаагүй байгаа юм.