НЭМЭЛТ:
Улсын Онцгой Комисс /УОК/-ын хуралдаан 11.00 цагт эхлээд байсан ч сая түр завсарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагт хуралдуулах зарлиг гаргасан тул УОК хуралдаанаа түр завсарлуулсан байна. Анхдугаар чуулганыг хуралдаж дууссаны дараа үргэлжлүүлэн хуралдах ажээ.
Улсын Онцгой Комисс хөл хориог сунгах эсэхийг шийдвэрлэнэ
Улсын Онцгой Комисс /УОК/ өнөөдөр 11.00 цагаас хуралдах боллоо. Уг хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.
Өмнөх хурлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ныг хүртэл тогтоосон.
Мөн энэхүү хуралдаанаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн шинэ коронавирусийн тархалтын талаарх эрсдлийн үнэлгээний талаарх мэдээллийг сонсох юм. Уг үнэлгээнд гарсан дүгнэлтээс шалтгаалж, хөл хорио үргэлжлэх эсэх шийдвэр эцэслэгдэнэ гэж ойлгож болно.
Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдвар 220 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөвөөрлөгдөж орж ирсэн. Нийт 75 хүн эдгэсэн бол үлдсэн нь эмчлүүлж байна.
Л.ОЮУ