“Онгоцны билетээ өөр хүнд өгөхөд гэрийнхэн маань шоконд орсон”

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

“Онгоцны билетээ өөр хүнд өгөхөд гэрийнхэн маань шоконд орсон”

“Онгоцны билетээ өөр хүнд өгөхөд гэрийнхэн маань шоконд орсон”

Улсын онцгой комиссоос шат дараатайгаар гадаад улсад гацсан иргэдээ татан авч байгаа. Энэ үеэр БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн тоонд багтсан Д.Бат-Эрдэнэ гэх иргэний сайхан сэтгэл олны талархлыг хүлээгээд буй. Тэрбээр эмчилгээнд орсон ч бие муутай хүнд боломж олгон тасалбараа өгч, өөрийнхөө оронд эх орондоо очих эрхийг олгосон юм. Тэрбээр одоо эх орондоо ирээд байгаа бөгөөд “Тоёоко инн” зочид буудалд 21 хоног тусгаарлагдаж байгаа ажээ. Ингээд түүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу. Эх орондоо сайн явж ирэв үү?

-Сайн. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ах нь сайн явж ирлээ. Би зургадугаар сарын 20-ны шөнө эх орондоо ирсэн.

-Та ганцаараа ирээ юу?

-Тийм. Ах нь нуруугаа эмчлүүлэхээр өнгөрөгч нэгдүгээр сард БНСУ-д очсон юм. Тэгээд эмчилгээгээ хийлгээд буцах санаатай байсан чинь энд тэндгүй хөл хорио тогтоогоод нислэг маань хойшлогдсон. Тэнд таван сар гаруй хугацаанд гацсан.

-Одоо бие нь сайн уу?

-Одоо бие маань сайн болсон. Солонгос улс мундаг эмчилгээ сайтай юм. Нуруундаа эмчилгээгээ давтан хийлгэсээр байгаад ирсэн дээ.

-Та ямар ажил хийдэг хүн бэ?

-Би Дулааны IV цахилгаан станц ТӨХК-д 31 жил ажиллаж байгаад оны өмнө хүнд, халуун нөхцлөөр тэтгэвэртээ гарсан юм. Нас, ажилласан жил маань ч болсон. Ажил мэргэжлээс шалтгаалах нурууны артиклют өвчнөөр өвдсөн. Станцын зуухан цехийн ажилчдын хувьд нурууны артиклют, сонсгол муудах нь мэргэжлийн өвчин гэж явдаг.

Өөрөө эмчилгээнд орсон хэрнээ онгоцонд багтаж тэргэнцэртэй хүнд тийзээ өгсөн гэж дуулсан. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Зургадугаар сарын 18-нд Инчеон олон улсын нисэх онгоцны буудал дээр очиход олон хүн цугларсан байсан. Тэнд нэг тэргэнцэртэй хөгшин эхнэр, охин, зээтэйгээ байсан. Тэдний нэг нь тусгай үүргийн онгоцонд багтахааргүй болсон шиг байсан. Бөөнөөрөө яах учраа олохгүй уйлж байгааг харсан. Тэгээд долдугаар сард дахин тусгай үүргийн онгоц ирвэл тэнд багтчих байх гэж бодоод “Нэг нь ч гэсэн эх орон руугаа явж байг” гээд тэдний нэгд онгоцны суудлаа өгсөн дөө.

-Сайхан сэтгэл гаргасан хүмүүс нь эргээд холбоо барьсан уу?

-Одоохондоо надтай холбоо бариагүй л байна.

-Та тэр нислэгээс хойш удалгүй эх орондоо иржээ?

-Тэгсэн над руу зургадугаар сарын 19-нд Сөүл дэх “МИАТ” компанийн төлөөлөгчийн газраас холбогдоод “Та энэ сарын 20-ны тусгай үүргийн онгоцны нислэгт багтсан” гэдэг хариуг өгсөн. Тэгээд л хоёр хоногийн дараа эх орондоо нисээд ирлээ.

-БНСУ-д гацсан монголчуудын нөхцөл байдал хэр байна вэ?

-Эх орондоо ирэх хүсэлтэй монголчууд маш их байна лээ. Миний хувьд эмчилгээгээ дуусгасан даруйдаа эх орондоо харих хүсэлт өргөдлөө бичиж, эрүүл мэндийн дэвтэр, эмнэлгийн бичиг баримтаа үзүүлж, их хөөцөлдсөн.

Инчеоны олон улсын нисэх буудал дээр очиход “Онгоцны билет олдчих байх. Эх орон руугаа явчих байх” гэж найдсан олон хүн байсан. Тэргэнцэртэй, жирэмсэн, өндөр настан гээд л. Миний хувьд эх орондоо очмоор байсан ч яаж ч чадалгүй тэр хүнд онгоцны тийзээ өгсөн. Сэтгэл өвдсөн гэх үү дээ.

-Таныг ийм шийдвэр гаргахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Яг үнэндээ гэр бүлийнхэн маань шоконд орсон. “Арай гэж тусгай үүргийн онгоцоор ирэх эрх авчихаад хүнд өгчихлөө” гээд бараг ухаан алдаж унах шахсан. Тэгэлгүй яахав дээ. Өөрөө нуруу нь өвддөг хүн Солонгосын тэр халуун уур амьсгалыг тэсвэрлэхгүй.

Хүүхдүүд маань ааваараа бахархсан байх. Эх орондоо ирсэн хойно “Аав та яасан зоригтой юм бэ” гэж хэлсэн. Манайх дөрвөн хүүхэдтэй айл. Том хүү минь БНСУ-д компьютер технологийн инженер мэргэжлээр ажилладаг. Удаах охин маань Монголдоо амьдардаг. Хоёр бага нь оюутан. Би БНСУ-д том хүүтэйгээ хамт байсан. Тэгээд хоол хүнс, орон байрны асуудал гайгүй байсан учраас тэр хүнд эрхээ өгсөн байх.

 

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
105
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж