Эрх баригч хүчин дотор шинэ парламентыг удирдах УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг дээр далд тулаан өрнөж эхэлсэн бол сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх Ардчилсан намыг төлөөлөх УИХ-ын дэд дарга хэн болох тухайд яриа хөөрөө дөнгөж эхэлж байна.
Ардчилсан нам дотор өмнө нь УИХ-д сонгогдон ажиллаж байсан хүмүүсээсээ УИХ-ын дэд даргад санал болгож, томилуулах нь зөв алхам болно гэж үзэх хэсэг ч бий юм. Хэрэв энэ яриандаа баттай зогсож чадвал УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан, Батлан хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ нарын нэр яригдах болно.
Гэхдээ хэвлэлд сэвж эхэлснээр бол Төв аймагт нэр дэвшин ялалт байгуулсан, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Тувааныг УИХ-ын дэд даргад зүтгүүлэх бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурийг томилно гэх мэдээлэл байна.
Хуульд зааснаар улс төрийн хүчин нь сонгуулиар УИХ-д 8 болон түүнээс дээш суудал авсан бол бүлэг байгуулж, УИХ-ын дэд даргын төлөөлөлтэй болдог юм.
УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан нам 11 суудал авсан тул бүлэг байгуулж, УИХ-ын дэд даргыг санал болгох эрхтэй болоод байгаа билээ.
УИХ-ын 2016 оны сонгуулиар Ардчилсан нам есөн суудал авснаар УИХ-ын дэд даргаар Я.Санжмятав, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат нар ажиллаж байв.
Л.ОЮУ