ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Covid-19-ийн тархалт хурдасч буйг анхааруулав. Өнгөрсөн ням гаригт халдварын тохиолдол 10 саяд хүрсэн бол хоёр хоногийн дотор 400 гаруй мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 10 сая 401 мянга 177 хүн өвчилснөөс 5 сая 646 мянга 820 хүн эмнэлгийн тусламж авч эдгэж, 507 мянга 499 хүн хорвоог орхиод байна.
АНУ, Хятадын эрдэмтдийн гаргасан тооцоогоор дэлхийн дахинд 1.7 тэрбум хүн Covid-19 вирусээр өвчлөх магадлалтай. Тэр дундаа 65 –аас дээш насны хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх магадлал өндөр байгаа юм.
Халдвар сүүлийн өдрүүдэд АНУ, Бразил, Энэтхэг зэрэг улс оронд эрчимтэй тархаж байна. Тодруулбал, АНУ-д хоногт 44 мянга 337 шинэ тохиолдол, 337 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улс нь 33 сая хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 2.6 саяд хүрч, 128 мянган нас баралт бүртгэгдэж, 1.1 сая хүн эдгэжээ.
Харин Бразил улсад хоногт 25 мянга 237 шинэ тохиолдол, 727 нас баралт бүртгэгджээ. Тус улсад Covid-19-ийн нийт тохиолдол 1.3 саяд хүрснээс 757 хүн эдгэж, 58 мянган хүн хорвоог орхижээ. Бразил улс нь 3 сая гаруй иргэнээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бол өнөөдрийн байдлаар 554 мянга гаруй хүн эмчлүүлж байна.
Энэтхэг улс халдварын тохиолдлоор дэлхийд гуравт бичигдэж байна. Тус улсад хоногт 18 мянга 339 шинэ тохиолдол, 417 нас баралт бүртгэгджээ. Энэтхэг нь 8 сая гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 567 мянга 536-д хүрснээс 335 мянга 271 хүн эдгэж, 16 мянга 904 хүн нас баржээ.
ОХУ-д хоногт 6719 шинэ тохиолдол, 93 нас баралт бүртгэгдсэн байна. ОХУ нь 19 сая иргэнээ covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бол нийт тохиолдол 641 мянга 156 -д хүрснээс 9166 хүн амиа алдаж, 403 мянга гаруй хүн эдгэжээ.
Холбоотой мэдээ