Э.Гэрэлт-Од: Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс нааш маргаан тасрахгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

Э.Гэрэлт-Од: Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс нааш маргаан тасрахгүй

Э.Гэрэлт-Од: Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс нааш маргаан тасрахгүй

МУБИС-ийн багш, судлаач, доктор /Ph.D/ Э.Гэрэлт-Одтой сонгуулийн үр дүнгийн талаар ярилцлаа.


-УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулагдлаа. Судлаач хүний хувьд  сонгуулийн үр дүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Сонгуулийн тогтолцооны хувьд МАН олонх болох нь тодорхой байсан. Гэхдээ сонгогчдын санал хэт савлана гэж төсөөлөөгүй. Үүнд мэдээж цар тахал нөлөөлсөн байх. Томсгосон мажоритар тогтолцоогоор 1992, 2008 онд МАН хэт олонх болж байсан. 2019 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хуулийг батлах үеэр судлаачид бид энэ тогтолцооны давуу болон сул талын талаар нэлээд ярьсан. Харамсалтай нь, сонгогчид төдийлөн ойлгоогүй. Томсгосон мажоритар тогтолцооны сул тал нь сонгогчдын санал гээгддэг. Өнөөдөр ч гэсэн энэ дүр зураглалыг харж байна. Нийт сонгогчдын 45 хувийн саналыг авсан улс төрийн нам парламентад 62 суудал авч байна. АН 24 хувийн санал авч парламентад 11 суудал авлаа.

Томсгосон мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг гээдэг, мөн нөлөө бүхий улстөрчдийг гаргаж ирдэг ийм л тогтолцоо учраас цаашид сонгуулийн тогтолцооны асуудлыг ярих зайлшгүй шаардлагатай. Сонгогчид сонголтдоо сэтгэл ханамжтай, сонгуулийн үр дүнд итгэл үнэмшилтэй байх тогтолцоог сонгох нь зөв.

Манайд өнгөрсөн хугацаанд байсан улс төрийн туршлагаас харахад намууд сонгуулийн ямар тогтолцоогоор ялах вэ гэдгээ илүүтэй хардаг болохоос биш улс төрийн зөвшилцөл хийж сонгуулийн тогтолцоог сонгодоггүй байсны  гор гарч байна.

Сонгуулийн тогтолцооноос хамааралтайгаар сонгогчдын санал гээгдэг юм байна гэдгийг одооноос л улс төрийн намууд нь ч тэр, мөн сонгогчид ч ойлгож эхэлсэн нь талархууштай. Мөн залуучуудын оролцоо сайжирсан байна. Өнгөрсөн удаагийн сонгуулиудад залуучуудын оролцоо хангалтгүй байна гэж шүүмжилж ирсэн. Энэ удаагийнх нь чамлахааргүй үзүүлэлт. Гэхдээ 2024 оны сонгуульд залуучуудын идэвх хэвээр байх эсэх нь тун  эргэлзээтэй.

-Яагаад вэ?

-Өнөөгийн сонгуулийн тогтолцоогоор явагдвал дахиад л сонгогчдын саналыг гээнэ. Нөгөөтээгүүр, ялангуяа залуучуудын төлөөллийг дэмжихгүй байна гэдэгт залуус сэтгэгдэл дундуур байгаа нь харагдаж байна.

АН ИНСТИТУТ БОЛЖ ТӨЛӨВШИЖ ЧАДААГҮЙГЭЭС ЯЛАГДСАН

-МАН-д сонгуулийн тогтолцоо ашигтай байсан гэлээ. АН-ын ялагдлын шалтгааныг үндсэндээ гадаад хүчин зүйл нь тогтолцооноос хамаарсан гэвэл өөрсдөөс хамаарсан дотоод шалтгаан юу вэ?

-Миний харж байгаагаар дотоод шалтгаан нь АН институт болж төлөвшиж чадаагүйтэй холбоотой. Мөн МАН-тай хүчтэй өрсөлдөх хэмжээний нэр дэвшигчдийг АН дэвшүүлж чадсангүй. Өөрөөр хэлбэл, АН нэр дэвшигчдээ тодруулахдаа институтийн шинж чанар байхгүй гэдгээ харуулсан. Дүрмийн хүрээндээ нэр дэвшүүлээгүй. Нэр дэвшигчид нь ялалт байгуулах хэмжээний, нийгмийн хүлээлтийг харгалзаж чадаагүй. АН-ын зарим гишүүн нь намаасаа гарч  гаднаас нь чулуу шидэж байж хэлцэл хийх замаар нэр дэвшлээ. Энэ бүхэн АН-ын бодит дүр төрх нь.

Хоёрдугаарт, АН-ын бодлого нь нягт байсангүй. Гуравт, сонгуулийн кампанит ажил нь тодорхой байсангүй. Энэ бүхнээс магадгүй сонгогчид МАН руу туйлшрахад нөлөөлсөн байх.

-Сонгуулийн дүн гарснаар ялснаасаа илүүтэй ялагдсан нам нь олны анхааралд орж эхэлдэг. Энэ нь олон нийт гишүүд нь асуудал шүүмжлэл гаргаж тавьж удирдлагынхаа үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч байгаа хэрэг. УИХ-ын хоёр ч сонгуульд дараалан ялагдсан АН институт болж төлөвшихийн тулд ямар шинэчлэлт хийх шаардлагатай вэ?

-Институт шинжийг тодорхойлдог хэд хэдэн шинж бий. Нэгдүгээрт,  намын дотоод дүрмээ дагаж мөрддөг эсэх, хоёрдугаарт, дотоод ардчилалтай эсэх, гуравт, санхүүгийн ил тод байдал. 1996 оны УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулсан гол шалтгаан нь Ардчилсан холбоо эвсэл байсан. 2004 онд АН мөн олонх болсон шалтгаан нь эвсэл болж орж ирсэн. 2012 онд АН олон суудал авсан нь МАН задарч санал нь хуваагдсан. Тэгэхээр МАН илүү хүчтэй, нэгдмэл байх хэрээр АН-д хэзээ ч ашигтай байхгүй.

АН хүчтэй том улс төрийн нам болох хэрэгтэй. Гэхдээ АН-ын нэг зовлон нь фракцуудын хуваагдал. Өнөөдрийг хүртэл фракцууд нь угшил гарлаараа хуваагдсан хэвээр байна. Энэ нь АН-ыг цул болгож чадахгүй байгаагийн гол шалтгаан нь.

Сонгогчид улс төрийн намыг ардчилсан, нээлттэй, ил тод, дотоод ардчилалтай байхыг шаарддаг ч гэсэн үндсэндээ хэр нэгдмэл, сахилга баттай байна вэ гэдгээр нь тухайн улс төрийн намыг тодорхойлдог. Энэ тодорхойлолтод нийцэх  ганц улс төрийн хүчин нь МАН.

Улс төрийн намуудын институтийг хангахын тулд эрх зүйн орчин шаардлагатай. Мөн сонгуулийн санхүүжилт, улс төрийн намын санхүүжилтүүдийг нэг концепцоор хуульчилж чадахгүй бол энэ бүхэн шийдэгдэхгүй.

МОНГОЛД СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ТОХИРОМЖТОЙ, САНАЛ ГЭЭГДЭХГҮЙ

-Сонгуулийн тогтолцоо руу эргээд оръё. Сонгогчдын санал гээгдэхгүй мөн хүчтэй сөрөг хүчнийг гаргахад  Монгол Улсад сонгуулийн ямар тогтолцоо илүү тохиромжтой юм бэ?  

-Монголд сонгуулийн холимог тогтолцоо тохиромжтой. Энэ тогтолцоо нь оролцоо, төлөөллийг тодорхой хэмжээнд барьж өгдгөөрөө давуу талтай. Ер нь бол сонгуулийн аль ч тогтолцоо аль нэг улсад 100 хувь тохирно гэсэн ойлголт байхгүй. Сонгуулийн тогтолцоо болгон давуу болон сул талуудтай. Энэ дундаас давуу болон сул талыг яаж тэнцвэртэй байлгах вэ гэдэг нь асуудлын гол. Тэнцвэрийг хангаж байж сонгогчдын итгэл үнэмшил цаашлаад хүчтэй сөрөг хүчин гаргах боломж нээгдэнэ. Сонгуулийг 50:50 хувийн харьцаатай буюу 38-ыг пропорционал, 38-ыг нь мажоритараар томьёолбол илүү тохиромжтой. Нөгөө талдаа гуравдагч хүчний орон зайг томсгоно. Хүчтэй сөрөг хүчин ажлаа сайн хийх боломжийг олгоно. Сонгууль гэдэг бол улс төрийн намуудын нөлөөллийн үр дүнд тодорхой хугацааны дараа ялагчийг тодорхойлдог ийм л үйл явц.

-Хэрэв өнөөгийн мажоритараар тогтолцоог өөрчлөхгүй бол магадгүй нэг нам нь хэт олонх болсоор байх уу?

-Тийм ээ. Намын системийн хувьд Монгол Улс хоёр намын системтэй гэж судлаачид  тодорхойлдог. МАН нэг блок, АН ба бусад нам нэг блок болдог. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр сонгуулийн тогтолцооноос хамааралтайгаар санал хуваагдвал АН ба бусад намын санал хуваагддаг. Эсрэгээрээ МАН-ын санал хуваагдахгүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн улс төрийн бодит дүр зураг бүрэн харууллаа.

ХАР МАШИНД АСУУДАЛ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ТҮҮХ НОТОЛЧИХСОН

Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй зарим нам эвсэл, бие даагчдын зүгээс гаргасан гомдол шаардлагын дагуу нийт 164 хэсэгт хяналтын тооллогыг амралтын хоёр өдөр хийсэн. Ер нь сонгуулийн үр дүн маргаан дагуулсан нь тогтолцоондоо байна уу эсвэл хар машинд уу?

-Тогтолцооныхоо бурууг мэдэхгүй байна. Хар машинд асуудал байхгүй гэдгийг түүх нотолчихсон. Миний санаж байгаагаар 2012 оны сонгуульд ялагдсан нам хар машинд буруугаа тохож байсан. Ингээд цөөнх байсан нам нь 2016 оны сонгуулиар олонх болсон. Санал тооллогын автомат машинд алдаа байхгүй гэдгийг  бүгд одоо мэддэг болсон. Улстөрчид түрүүлээд зурган файлыг нь авдаг. Мөн сонгуулийн саналын 50 хүртэлх хувийг гараар тоолж байгаа. Дүнгээ хэвлэж гаргачихаад бүх намын ажиглагч нарт биллийг нь өгдөг. Дэлгэц дээрх мэдээлэл тухайн биллтэй адил байхад уг нь маргаан үүсгэх ямар ч шаардлага байхгүй. Ялагдсан улс төрийн нам, нэр дэвшигчдийн байдаг л нэг гомдол. Ялна гэсэн хүлээлтдээ хүрээгүйгээс зөвшөөрч чадахгүй байгаа болов уу.

-Сүүлийн хэдэн жилд үгүйлэгдсэн хүчтэй сөрөг хүчинтэй парламент бүрдэж чадсангүй. Дахиад л олонхоороо хүч түрэх парламент байх нь?

-Сонгуулийн дараа төрийн албанд хөдөлгөөн ордог. Энэ хөдөлгөөн харьцангуй тогтвортой байна байх. Хоёрдугаарт, төрийн бодлого тогтвортой үргэлжлэх боломжтой. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намуудын бодлогыг төлөвшүүлнэ гэж ярьсаар ирсэн боловч бодит байдалд намуудын бодлого хамгийн  ихдээ дөрвөн жилээс хэтэрдэггүй. Нэг бол намын дотоод хагарлаас эсвэл сонгуулийн үр дүнгээр бодлого нь өөрчлөгддөг. МАН дахин олонх болсноор бодлого нь тогтвортой үргэлжилнэ гэж харж байна. Энэ нь мэдээж сайн зүйл.

-Нөгөө талд сонгогчдын боловсрол дээшилж чадаж байна уу. Ходоодоороо сонголт хийдэг гэдэг. Сонгогчид харанхуй байдлаар сонгуульд оролцож, саналаа өгч байна?

-Сонгогчдыг боловсролгүй гэж хэлж болохгүй. Хэрэв пропорциональ системээр явуулбал сонгогчид илүү бодлогын сонголт хийнэ. Одоо бол нам болон хүнийг нь харж сонголт хийж байна. Гэхдээ үүнийг буруутгах аргагүй.  Саяны сонгуулиар 2000 орчим сонгогч  цагаан сонголт хийсэн байна. Эцсийн дүндээ сонгууль бол улс төрийн намуудын нөлөөллийн дүнд болдог үйл явц. Үүнийг онолын хувьд “Дайчлах” гэж хэлдэг. Бүх нам сонгуулийн сурталчилгааны хугацаанд нөлөөллийн ажлууд хийсэн.

– 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 13 эмэгтэй гишүүний тоог хадгаллаа. Ер нь цаашдаа эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай юу?

-Улс төр дэх  эмэгтэйчүүдийн төлөөллийг  дэлхийн дунджад хүргэхэд хангалтгүй. Хуулиараа "Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна" гэсэн заалт бий. Нөлөө бүхий намууд 20 хувьд дөнгөж тулгаж эмэгтэй нэр дэвшигчдийг дэвшүүлж байна.

Хэрэв сонгуулийн үр дүн савлаагүй байсан бол эмэгтэйчүүдийн тоо буурах байсан. Одоогийн дүр зураг буюу 2016, 2020 оны сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь Монголын түүхэнд өндөртэйд орно. Цаашид эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд тогтолцооны өөрчлөлт болон квотыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж