Шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр /2020.6.29/ 15.00 цагийн үед Туул голд очиход иргэд хэсэг хэсгээрээ голын эргийг эмжин байрласан байв. Хүүхдүүд нэгнийгээ усаар булж, хөөцөлдөн тоглож, томчууд нь наранд биеэ ээн хэвтэж, хөзөр тоглож байсан бол зарим нь хорхог, боодог хийж, архи ууцгааж харагдав. Хэнийх нь ч толгойд үер уснаас сэрэмжлэх бодол төрөхгүй байгаа бололтой, тун тайван амгалан байгаа нь анзаарагдав. Гэвч долдугаар сард зүүн аймгуудын нутгаар бороо их орох тул гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давах төлөвтэй байгаа юм. Тэр дундаа Хэнтий нуруунаас эхтэй Туул гол үерлэж, 1966 оных шиг үер болохыг хэн ч үгүйсгэхгүй. Наанадаж голын дэргэд архи ууж согтуураад гол руу орж осолдон амиа алдах эрсдэлтэй. Жилд гол усанд осолдож амиа алдаж буй иргэдийн 90 хувь нь архидан согтуурсантай холбоотой байдаг юм.
Мөн Туул голд өнгөрсөн амралтын өдөр 19, 20 насны хоёр иргэн живж амиа алджээ. Дуудлагын дагуу аврагчид очиж нэг иргэний цогцсыг олсон бол нөгөө иргэний цогцсыг эрэн хайж байгаа юм. Энэ мэт дулааны улиралд хоёр хоногт нэг иргэн усанд осолдож амиа алддаг байна. Сурвалжлага бэлтгэх үеэрээ бид иргэдээс гол усанд осолдохоос өөрийгөө болон хүүхдээ хэрхэн хамгаалж байгааг тодруулсан юм. Гэвч олонх нь “Голын захад байршсан болохоор гайгүй. Гүн рүү нь хүүхдээ явуулалгүй сайн харж байна. Хэдэн цаг болоод л буцна” гэх тайлбарыг өгч байв.
ОЛОН ХОНОГ БОРОО ОРВОЛ ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР ИНГЭЖ БАЙЖ БОЛОХГҮЙ
Миний хувьд найзуудтайгаа түр салхилахаар ирсэн. Энд удахгүй, жаахан сууцгааж байгаад явна. Хүмүүсийг харахад хүүхдүүддээ анхаарах нь сул байгаа харагдлаа. Хүүхдүүд усан дотор гүйлдэж байна. Уг нь хүүхдээсээ анхаарлаа салгаж, өөрөөсөө холдуулж огтхон ч болохгүй. Хэрэв Туул гол үерлэвэл тэртээ 1966 оных шиг үер болохыг үгүйсгэхгүй. Тиймээс цаг агаарын мэдээ сайн харж байгаад энд ирэх нь зөв байх. Олон хоног үргэлжилсэн устай бороо орвол ингэж голын эрэг дагуу байж болохгүй.
ГҮН РҮҮ НЬ ЯВЖ БОЛОХГҮЙГ ОЙР ОЙРХОН ХЭЛЖ БАЙГАА
-Хүүхдүүдээ сайн хараад сууж байна. Энд манай хүүхдүүдээс гадна олон хүүхдүүд байна. Давхар тэднийг ч хянаж сууна. Голын гүн рүү нь явж болохгүйг ойр ойрхон хэлж байгаа.
ЗҮЛГЭН ДЭЭР ЗОРГООРОО СУУЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ
Мөн хэсэг хүмүүс архи ууж байхтай таарсан юм. Тэднээс архидан согтуурч байгаа шалтгааныг нь тодруулахад “Төрийн томчууд энгийн иргэдээ гуйлгачин болгож байна. Энгийн иргэдийн амьдрал улам хүнд болж байна. Бид барилга дээр ажиллаж, чадах чинээгээрээ хөдөлмөрлөж байна. Хүнд ажил хийж байгаа хүмүүс ойрхон салхинд гараад, ингэж сууж яагаад болохгүй гэж. Зүлгэн дээр зоргоороо сууж яагаад болхгүй гэж” гэх тайлбарыг өгсөн юм.
ОДООГООР ГУРВАН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА
Ингээд Туул голын эргээр явж байгаад Онцгой байдлын албаныхан эрэн хайх ажиллагаа хийж байхтай таарав. Нийслэлийн аврах анги 105-ын Бүлгийн дарга, ахмад Б.Баттулгаас дараах асуултад хариулт авлаа.
Мөн нийслэлийн 85 дугаар сургуулийн урд талд Туул голд хоёр хүн живсэн тухай дуудлага зургадугаар сарын 28-нд 15.16 цагт НОБГ-т иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 настай Э-гийн цогцсыг олж цагдаагийн хэлтэлст шилжүүлсэн байна. Харин 20 настай иргэн С-ыг эрэн хайх ажиллагаа өчигдөр /2020.6.29/ үргэлжилж байсан юм. Иргэд осолдохдоо согтуу байсан эсэхийг шүүхийн шинжилгээгээр тогтоох юм байна.
-Нийслэлийн иргэдийг үер уснаас хамгаалах завьт эргүүл ажиллаж байгаа. Энэ хугацаанд хичнээн хүний амь нас, эд хөрөнгийг гол уснаас авран хамгаалаад байна вэ?
-Нийслэлийн Засаг даргын Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжаар Нийслэлийн онцгой байдал, цагдаагийн байгууллага хамтран завьт эргүүл гарган ажиллаж байгаа. Завьт эргүүл зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл ажиллага. Нийслэлийн аврах ангиас 12 алба хаагч, хоёр автомашин техниктэй ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Зайсан, Зайсангаас Сонсголонгийн гүүр хүртэл хэсэгчлэн ажилладаг. Дуудлага ирсэн үед нэн даруй очиж аврах үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд одоогоор гурван иргэний амь насыг аварлаа.
-Эргүүлт завинд ойролцоогоор хэчнээн дуудлага ирж байна вэ?
-Өдөр бүр харилцан адилгүй дуудлага ирдэг. Дунджаар өдөрт хоёроос дээш дуудлага ирж, бид цаг алдалгүй аврах, эрэн хайх ажиллагаа явуулдаг.
-Туул гол дагуу хамгийн эрсдэлтэй хэсэг нь аль хэсэг вэ?
-Бид Туул гол дагуух аюултай бүсийг тодорхойлсон. Одоогоор 10 хэсэгт сэрэмжлүүлэх самбар байрлуулсан. Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн урд талд байрлах хэсэг Хар усан тохой, түүнээс цааш байрлах далан, Сонсголонгийн гүүр зэргийг нэрлэж болно.
-Хүүхдүүд хөвдөг гудас ашиглах нь хэр найдвартай вэ?
-Сүүлийн үед хүүхдүүд хөвдөг гудас, хөвдөг тоглоомоор тоглож байна. Энэ нь стандартад нийцдэггүй, эрсдэлтэй байдаг. Мөн хүүхдүүд бөмбөгний араас гүйж байгаад, урсгасан табчикныхаа араас гүйж байгаад усанд урсах тохиолдол бий. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдэд хараа хяналт тавих шаардлагатай байна.
-Иргэдийн амь наснаас гадна нэлээдгүй машин, техникийг хамгаалсан байсан уу?
-Нэг тэргүүнд бид хүний амь насыг аварна. Дараа нь эд хөрөнгө, машин техникийг аварна. Жолооч нар зам товчлох нэрийдлээр баталгаатай, гүүр, гарцаар гараагүйгээс усанд суух, эд хөрөнгөөрөө хохирох, цаашлаад усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор амь насаараа хохирох эрсдэлтэй байна. Мөн томчууд нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд ойртохгүй байх шаардлагатай байна.
Биднийг ярилцах зуур хоёр согтуу хүн маргалдаж, нэгнийгээ заамдалцаж байв. “Очиж тэднийг салга” гэх хэн нэгний дуу сонсогдов.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ