Архив бол түүхийг гэрчлэх цор ганц хувь баримтуудын сан хөмрөг билээ. Үндэсний төв архивын иргэдэд үйлчилдэг танхимыг алгасан дотогш, сан хөмрөг тийш нэвтрэх боломж олдов. Монгол Улсын түүх дундуур алхаж байна гээд төсөөлөөд үз дээ. Хуучирч шарласан цаасны ноолорсон ирмэгийн содон үнэр, тийм эртний нэн чухал зүйлсийг нэг дороос олж харах сонин мэдрэмж. Энд мэргэжлийнхний нэрлэснээр “цаасан суурьтай” буюу цаасан дээр бичиж үлдээсэн баримт бүхий архивын сан хөмрөг гэхэд л гурван танхимд хадгалагдаж байх юм. ХЗДХЯ-ны харьяа Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивт хамгийн эртний баримт XVI зууны дунд үе буюу 1570 он орчмоос ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар байнга хадгалах баримтын 1299 хөмрөгийн 802918 нэгж баримт хадгалагдаж байна. “Тусгай төрлийн суурьтай” хэмээн нэрлэгдэх кино, гэрэл зураг, дуу авианы баримт гэхэд 223198 ширхэгээр тоологдон хадгалагдаж байна.
Монголын түүхийн дөрвөн үед хамаарах, ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын бүх баримт нийтдээ 8062.3 ам метр талбайд он цаг, үйл явдлын гэрч болон өөр өөрийн товъёг үүсгэн төвхнөжээ.
Архивын баримтын 76 хувийг цаасан суурьтай, 14 хувийг кино, гэрэл зураг, дуу дүрсний, 10 хувийг 1932 оноос хойших, улсын төсвийн хөрөнгөөр барьсан барилгын зураг төсөл эзэлдэг юм байна. Дахиад хэдэн мянган жил өнгөрсөн ч архив оршиж байгаа цагт тэдгээр нь хадгалагдан үлдэж ирээдүйн хүмүүсийн таньж мэдэх, судалж шинжлэх хэрэгцээнд зориулагдсаар байх болно. Тиймийн учир эх баримтыг сэргээн засварлаж хадгалах насыг уртасгах, цахимжуулан архивлах ажил мөн хийгдсээр байна.
Үндэсний төв архивт сэргээн засварлах мэргэжилтнээр тав дахь жилдээ ажиллаж буй Д.Отгон 1920-иод оноос өмнөх үед хамаарах хошуудын нэгэн баримтыг сэргээн засварлаж байхтай нь бид таарсан юм. Тэрбээр Япон улсын Нарагийн их сургуульд эртний баримтыг сэргээн засварлагчаар нарийн мэргэшин төгсгчээ. Хараа төвлөрөл, гарын дадал, ур чадвар шаардсан ажиллагаа аж. Элэгдэж хуучирсан, цоорч гэмтсэн муутуу цаасыг устай саванд хийж сайтар норгоод эсгий хаваст дэлгэн хавчуулж орхино. Дараа нь глицерин, борын хүчил, улаан буудайн дээд гурилаас гаргаж авсан тусгай зориулалтын цавууг мөнөөх норсон муутуу цаасанд жигд түрхэж, цоорол бүрийг шинэ муутуугаар цойлдож, эмтэрсэн эрмэгүүдийн хүрээг чимхүүрээр тэгшлэн муутуу барин нөхдөг юм байна.
Ийм нарийн чимхлүүр ажиллагааг удаан ширтэж, хэд л бол хэдэн цагаар саатмаар болох аж. “Сэргээн засварлагч зөвхөн түүхийн төдийгүй химийн шинжлэх ухааны мэдлэгтэй байх ёстой. Муутуу болгоныг усанд шууд дэвтээх боломжгүй. Усанд арилдаг төрлийн бэхээр бичсэн, эсвэл цаасны найрлагад мод бага орсон баримтыг сэргээн засварлах тохиолдолд дээрхээс өөр арга, өөр бодис хэрэглэх шаардлагатай болно. Он тооллыг зуун зуунаар алгасан үйсэн дээр, торго хийгээд даавуун дээр, муутуу цааснаа эрхэмсэг яруу бичгийг нямбайлан буулгаж ахуй цаг хугацаанд зорчих аялалд Та ч бас нэгдээрэй.
Он цагийн хувьд 1570-аад онд хамаарах Халхын нутагт бичсэн морины судар, Шашны судар зэрэг болно. Энэхүү хосгүй баримт бол Хар бухын балгаст 2004-2011онд хийсэн хээрийн малтлага, судалгаагаар олж илрүүлсэн үйсэн ном юм. 2019 онд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор А.Очир хувийн хөмрөг үүсгэн хүлээлгэн өгснөөр Үндэсний төв архивын баримтын он цаг 100 гаруй жилээр урагшилжээ.
Манж Чин улсын үеийн, 1666-1895 онд хамаарах Эрдэнэ бишрэлт Засагт ханы,Түшээт хааны, Жалханз хутагт болон Сайн ноён хан аймгийн Эрдэнэ мэргэн ноён хутагтын шавь нарыг захирах тамгыг хадгалж байна.1905 онд үйлдсэн Халхын Сэцэн хан аймгийн хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг олон тайж нарын гэрийн үеийн бичмэл баримт.
Энэ бичмэл Халхын Гэрсэнз жалайр хун тайжийн тавдугаар хөвгүүн Аминдуралын ач хүү, 1577 онд төрсөн Сэцэн хан Шолойгоос эх авч, 1577 оноос 1905 он хүртэл 328 жилийн дотор төрсөн Сэцэн хан Шолойн удмын 13 үеийн 11966 эрэгтэйн нэрийг бичиж тэмдэглэжээ. Уг бичмэлийг таван метр 30 см голчтой маажиндсан дүгрэг цагаан даавуун дээр хар, улаан бэхээр бичиж, төв хэсэгт нь Сэцэн хан Шолойн нэрийг байрлуулж, түүнийг тойруулан 11 хөвгүүнийх нь нэрийг бичиж, түүний дараа нэг үе эхлэх бүрт эрэгтэй хүүхдүүдийн нэрсийг бичжээ. 1912 онд Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаас тусгаар тогтносон хаант Монгол Улс байгуулагдсаныг Англи, Франц, Бельги, Голланд зэрэг есөн улсад албан ёсоор зарласан бичиг, Ардын Засгийн газар болон Богд хааны эрх хэмжээг тогтоож, хэмжээт цаазат Засгийг байгуулсан тангаргийн гэрээ, Монголын хувьсгалчид Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн бичгийн эх, 1924 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн бичмэл эх зэрэг олон ховор нандин баримт байна.
БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт нь 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эх орон даяар явагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож байна. БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны 9 дүгээр сарын 21-ний 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Уг тогтоолын агуулга нь “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай” хэмээн заасан байдаг.
Улмаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 сарын 5-ны 85 дугаар тогтоолд “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ.
Санал хураалтын төв комиссыг БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр даргалуулан байгуулж, орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, нарийн бичгийн дарга Г.Дамба, Б.Ширэндэв нар томилогджээ.
Ухуулга, таниулгын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна орон даяар хурал цуглаан зохион байгуулж малчин, ажилчин, сэхээтэн, цөөн тооны өвөр монгол, хятад, оросыг оролцуулсан. Санал хураалтын төв комиссын дарга болон орлогч нар аймаг бүрийг хуваарилан авч, өөрийн биеэр бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан байна.
Ийнхүү 1945 оны 10 сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулжээ. Санал асуулгыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад сонгуулийн насны 494960 хүн бүртгэгджээ.Тэдгээрээс 487409 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 7551 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг шалтгааны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтанд “будилаан” орно гэж Дундад иргэн улсын (тухайн үеийн БНХАУ) Засгийн газраас тусгайлан Ли Фа Жан тэргүүтэй төлөөлөгчид ирж санал хураалтыг ажигласан байна.
Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны 11 дүгээр сарын 10-нд батлаж, түүнийг хэвлэлд нийтлэж, ЗСБНХУ ба ДИУ-ын Засгийн газарт тус тус мэдэгджээ. ДИУ-ын Гоминданы Засгийн газар Гоминдан намын төвийн байнгын хорооны 16-р хуралдаанаараа Ар Монголын төрийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын дүнг хэлэлцээд, БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 оны 1 сарын 5-нд хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дагуу 1946 оны нэгдүгээр сарын 12-нд ДИУ-ын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч нот бичиг ирүүлсэн юм. Ийнхүү 1946 оны 2 дугаар сарын 13-нд ДИУ, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож, 1946 оны 2 дугаар сарын 27-нд ЗСБНХУ, БНМАУ-ын хооронд нөхөрлөл ба харилцан туслалцах тухай гэрээ байгуулагдаж, мөн оны 6 дугаар сарын 24-нд БНМАУ-аас НҮБ-д гишүүнээр элсэх өргөдөл гаргаснаар БНМАУ-ын төрийн тусгаар тогтнол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Эх сурвалж: Улсын бүртгэлийн Ерөнхий газар
Холбоотой мэдээ