“Мэдээллийн цаг” хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

“Мэдээллийн цаг” хурал боллоо

Гадаад хэргийн яам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн ГХЯ-нд Мэдээллийн цаг арга хэмжээнд ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг оролцож, энэ оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан “Монгол Улсыг Гадаадад сурталчлах хөтөлбөр”, “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулав.

Тэрээр Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах үүрэгтэйг онцолж, гадаад харилцааны эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хийгдсэн ажлыг танилцуулав. “Монгол Улсыг Гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн зорилго нь Монгол Улсын гадаад бодлогын зорилгыг хэрэгжүүлэх гадаад сурталчилгааны чиглэлийг тодорхойлох, нэгдсэн зохицуулалттай, харилцан уялдаатай сурталчилгааны цогц механизмыг бий болгох, гадаад сурталчилгаа, соёлын харилцаагаар дамжуулан хоёр болон олон талт хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн зорилго нь иргэний бүртгэлийг сайжруулах, эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд оролцох боломжийг бүрдүүлэх, иргэдийн эрхийг баталгаажуулах, холбоодыг дэмжих болон монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус тус оршиж байгааг дурдав. Түүнчлэн “Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр” нь гадаад улс оронтой эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад хувь нэмэр оруулах, гадаад зах зээлд нэвтрэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэлхийд зөвшөөрөгдсөн үндэсний аж ахуйн нэгжүүдийг бий болгох зэргээр үндэсний эдийн засгийн чадамжийг сайжруулахад дэмжлэг болохыг мэдэгдэв.

Энэ оны анхны Мэдээллийн цагаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд ЛБНИУ-д хийсэн албан ёсны айлчал, 2015 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Жэнжоу хотно болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Шадар сайд Ц.Оюунбаатар оролцсон, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал 2015 оны 12 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болсон зэрэг Монгол Улсын гадаад харилцаанд хэрэгжүүлсэн онцлох үйл явдлын тухай мэдээлэл өгөв.

ГХЯ-ны газар, нэгжийн удирдлага өргөнөөр оролцсон Мэдээллийн цагийн үеэр хүрэлцэн ирсэн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид хоёр талын харилцаа, гурван талт хамтын ажиллагаа болон иргэдийн асуудал зэрэг өргөн сэдвээр асуулт тавьж хариулт авлаа.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж