УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, үнэмлэхүй ялалт байгуулсан Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар өнөөдөр /2020.06.29/ СЕХ-ны шийдвэрээр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан. Тэгвэл дээрх нэр дэвшигчидтэй холбоотой “Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг шүүхээс тогтоолоо”, “Эдгээр хүмүүсийг эгүүлэн татах ёстой” гэсэн мэдээллийг time.mn, zarig.mn сайт, mass, etv, ntv зэрэг телевизээр мэдээлж эхэлсэн.
Уг мэдээллийг ШЕЗ-өөс тодруулахад, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тус аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтоход холбогдох хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Д.Цэрэнтогтох нь зургадугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргасан тул дээрх шийтгэлийг авчээ. Дээрх зөрчил нь гурван нэр дэвшигчидтэй холбоогүй гэдгийг шүүхийн хэвлэлийн ажилтан мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад, 2012 оны УИХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшиж байсан Г.Батхүү агсан, Д.Зоригт нар нь ард түмний олонхийн санал аваагүй хэрнээ МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт өгсөн Өвөрхангайчуудын илт давуу саналыг Хан-Уул дүүргийн шүүхээр луйвардаж байсан баримт бий. Тухайн үед МАН-ын сурталчилгааны хувцсыг насанд хүрээгүй хоёр хүүхдэд өмсгөж, араас нь фото зургийг нь авч, хууль зөрчлөө хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Улмаар хууль хяналтын байгуулагад гомдол гаргаж, Өвөрхангайн ард түмний сонголт, саналыг нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлүүлж, ард олноо доромжилж байсныг нутгийн иргэд одоо хэр нь мартдаггүй билээ. Иймээс энэ удаагийн хууль бус үйлдлийг ч зориудаар зохион байгуулж хийсэн байх магадлалтай, ийм бусармаг үйлдэл дахин давтагдах ёсгүй гэдгийг иргэд ярьж байна. Энэ удаагийн сонгуулиар тус аймагт АН-аас Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, 2012 онд Өвөрхангайчуудын саналыг шүүхээр луйвардсан АН-аас нэр дэвшигчдийн өмгөөлөгч хийж явсан О.Алтангэрэл, нар нэр дэвшин өрсөлдсөн.
“Амташсан хэрээ 13 дахина” гэгчлэн шударгаар өрсөлдөөд ялахгүйгээ мэдээд олон жилийн өмнөх технологиороо дахин Өвөрхангайчуудын сонголтыг луйвардахаар санаархаж байна уу гэж нутгийн олон түмэн ярилцаж байгаа гэнэ. Тэд өөрсдийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр турхираад зогсохгүй, Өвөрхангай аймгаас 80 гаруй хүнийг хоёр автобусаар зохион байгуулалтай авчирч Баянгол дүүрэгт байрлах “Royal house” зочид буудалд байрлуулан СЕХ, Төрийн ордны гадна жагсаагаад өнөөдөр орой буцааж байгаа гэдэг мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж хэллээ. “Түүх давтагдаж байна. Бид сонголтоо цагдаа шүүхээр биш өөрсдийн саналаараа баталгаажуулах ёстой. Ард түмний сонголт эцсийнх, бид сонголтоо хийсэн. Өвөрхангайчуудын сонголтыг Улаанбаатар хотын шүүх шийдэж байсан гашуун түүх давтагдах ёсгүй, бид саналаа дахин хулгайлуулахгүй, хулхидуулахгүй, сонгох эрхээ хамгаалан тэмцэнэ” гэж МАН-аас нэр дэвшин үнэмлэхүй ялалт байгулсан гурван гишүүнийг дэмжиж байгаа олон мянган Өвөрхангайчууд санал бодлоо илэрхийлж, эсэргүүцэн тэмцэхэд бэлэн байгаа ажээ.
Л.ӨНӨРЧИМЭГ
Холбоотой мэдээ