Шведийн чөлөөт бөхийн өнөө цагийн шилдэг тамирчдын нэг Женни Франссоны допингтой холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт явагдаж өндөрлөжээ. Энэхүү шүүх хурлаар түүнийг метилтестостерон хэмээх "Дэлхийн допингийн эсрэг агентлаг"-ийн хориотой эмийн жагсаалтанд орсон бодисыг хэрэглэсэн хэмээн буруутгаж, дөрвөн жилээр барилдах эрхийг нь хасчээ.
Өдгөө 32 настай Женни Франссон өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “Өнөөдөр шинэ үг сурлаа. Шударга ёс бол алуурчин. Яг одоо би махчин загаснуудын дунд хаягдсан ганц хоол шиг л байна” хэмээжээ. Харин түүний өмгөөлөгч Матс Ларссон “Үйлчлүүлэгч маань одоогоор хэнтэй ч ярихыг хүсэхгүй байна. Би ч түүнтэй захидлаар л харилцаж байгаа. Мэдээж хэрэг бид давж заалдах болно. Би Женнид Шведийн допингийн эсрэг агентлагтай тэмцэхийн тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ хэлсэн” хэмээн ярьжээ.
Түүний барилдах эрхийг Шведийн лабораторт хийсэн допингийн шинжилгээний хариун дээр үндэслэн 2020 оны нэгдүгээр сарын 28-наас ирэх 2024 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр хүртэл хасах шийдвэр гарсан.
Цагтаа дэлхийн чансааны хоёрт эрэмблэгдэж байсан Женни Франссон нь 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн хүрэл медаль, 2012 оны Стратконагийн ДАШТ-ий алтан медаль, 2019 оны Нур-Султан ДАШТ-ий мөнгөн медаль, 2018 оны ЕАШТ-ий алтан медаль тус тус хүртсэн туршлагатай тамирчин.
Допингийн хэрэгт холбогдсон Женни Франссонг Шведийн Токио-2020 олимпийн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасчээ.
Сонирхуулахад, Женни Франссон нь 2019 оны Нур-Султан ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -68 килограммын жинд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг ялж алтан медалийн төлөө шалгарсан боловч Канадын Линда Морайст ялагдан мөнгөн медаль хүртсэн билээ. Хэрэв Женни Франссонг допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн гэж үзвэл С.Батцэцэгт мөнгөн медаль нөхөн олгоно.
Холбоотой мэдээ