Үндэсний шигшээ багийн тамирчдын хувцсыг гардуулан өглөө

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Үндэсний шигшээ багийн тамирчдын хувцсыг гардуулан өглөө

Биеийн тамир спортын хөгжлийн төвөөс Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт “Mizuno” брэндийн шинэ хувцас гардуулна өглөө. Мөн энэ үеэр Үндэсний шигшээ багийн алба англи хэлний “Talk Talk english” төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ өнөөдөр/01.06/ Спортын төв ордын хурлын танхимд боллоо.   

Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар П.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид гадаадад олон тэмцээн уралдаанд оролцдог. Тиймээc гадаад хэлний мэдлэг их чухал байдаг. Энэ дагуу "Talk talk english" сургалтын төвд санал тавьсны дагуу тамирчид болон дасгалжуулагчид хөнгөлттэй үнээр англи хэлний сургалтад хамрагдах бүрэн боломжтой болж байна. Тамирчдын тэмцээнд амжилттай оролцоход материал бааз их чухал байдаг. Тамирчдыг цугларалтад гаргах гээд анхаарал татсан асуудал их байдаг. Үүнд Эрүүл мэнд, спортын яам ихээхэн анхаарал тавин ажиллаж байна. Үүний нэг тод жишээ бол Японы алдарт “Mizuno” компанийн бэлтгэлийн хувцсыг Үндэсний шигшээ багт гардуулан өглөө. Ингэснээр манай тамирчид илүү их амжилт гаргана гэдэгт найдаж байна." гэсэн юм.

 

ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРЫН АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГТ АНХААРАН АЖИЛЛАНА

Англи хэлний “Talk talk english” сургалтын төвийн захирал Ч.Амарсанаа

“2016 он бол олимпийн жил. Тиймээс манай баг тамирчдыг гадаадын чухал тэмцээн, уралдаан хүлээж байна. ”Talk talk english” боловсролын төв Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөрөө дамжуулаад Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нартай хамтран ажиллах боломжтой болж байна. Манай сургалтын төвөөс Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн спортын талбарт гаргаж байгаа спортын шилдэг тамирчид болон өсвөр, залуучуудын залгамж халаа болсон тамирчдын англи хэлний мэдлэгийн санг дээшлүүлэхэд анхааран ажиллах болно. Мөн дэлхийн спортын талбарт өндөр амжилт гаргаад зогсохгүй англи хэлтэй болж, дэлхийн олон орны найз нөхөдтэй болохыг нийт тамирчид, дасгалжуулагч нартаа хүсэж байна. Бидний хувьд тамирчдынхаа англи хэлний мэдлэгийг сайжруулахад анхаарч 100 хувь хүртэл хөнгөлөлтийг олгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монголын баг тамирчид “Рио-2016” олимпийн олон эрхтэй байна. Энэ эрх цаашид нэмэгдэх нь гарцаагүй. Баг тамирчид, дасгалжуулагч нартаа “Рио”-гийн олимпийн наадамд амжилттай оролцохын зэрэгцээ англи хэл сурах их үйлсэд амжилт хүсэж байна.” гэлээ.

Ийнхүү Үндэсний шигшээ багийн тамирчид “Mizuno” компанийн бэлтгэлийн хувцастай болж, "Talk talk english" сургалтийн төвд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой боллоо.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж