Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд гурав хоног үлдлээ. Шалгалт долдугаар сарын 2-нд орон даяар 10:00 цагт эхлэх юм. Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлж элсэлтийн ерөнхий шалгалт болон их дээд сургуулиудын бүртгэлийг анх удаа цахимаар авч байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид энэ сарын 25-ны өдрөөс эхлэн www.ees.edu.mn сайтад бүртгүүлэн өөрийн хүссэн 10 сургуулийн 10 мэргэжлийг сонгох юм. Үүний дараа Элсэлтийн ерөнхий шалгалт болох бөгөөд долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд сурагчид сургуулиа сонгон баталгаажуулах ба ЭЕШ-ын оноо гарсны дараа тухайн сургуульд тэнцсэн эсэхээ цахим хуудсаас мэдэх боломжтой.
Их, дээд сургуулиудын бүртгэлийг цахимжуулснаар ирэх намар оюутан болох залууст олон давуу тал үүснэ гэж мэргэжилтнүүд харж байна. Хамгийн чухал нь элсэгчид их дээд сургуульд бүртгүүлэхийн тулд биечлэн очиж, цаг хугацаа алдах шаардлагагүй болжээ.
Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр Их дээд сургуулиудын хуваарь сонголт онлайнаар явагдах юм. Ингэснээр ЭЕШ-ийн оноо гарсан даруйд тухайн шалгуулагчийн мэдээлэлд үндэслэн элсэх боломжтой сургуулиудын мэдээлэл нь бүртгэлтэй хуудаст нь автоматаар ирэх гэнэ.
ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН БҮРТГЭЛИЙГ ЦАХИМЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.ГАН-ЭРДЭНЭ:
-Дэлхий дахиныг нөмрөөд буй цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс Их дээд сургуулиудын бүртгэлийг анх удаа цахимаар авч байна. Олон хүний бөөгнөрөл нэг дор үүсгэхээс сэргийлэхийн зэрэгцээ элсэгчдийн хувьд цаг хугацаа эдийн засгаа хэмнэх олон давуу тал үүсч байгаа юм. Цахим бүртгэл Элсэлтийн ерөнхий шалгалт хүртэл буюу долдугаар сарын 5-н өдрөөр дуусгавар болно.
Хэрэв цахимаар бүртгүүлсэн бол тухайн элсэгч шалгалтаа өгч оноо нь гарсан даруйд өөрийнх нь мэдээлэлтэй холбогдоод элсэх боломжтой сургуулиудын мэдээлэл нь тухайн шалгуулагчид автоматаар ирнэ. Их дээд сургуулийн хуваарийн тухайд онлайн руу шилжсэн болохоос биш уламжлалт агуулгад өөрчлөлт ороогүй.
Өөрөөр хэлбэл, Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүүхдүүд нь тухайн сонгосон сургуульдаа дээгүүрт эрэмбэлэгдэж элсэнэ, бусад нь өөрсдийн оноонд тохирсон их дээд сургуулиудад элсэнэ. Цаашид их дээд сургуулиудын бүртгэлийг онлайнаар авдаг болох шаардлагатай. Элсэгчид цаг алдахгүй өөрийн сонирхож буй 10 сургууль, 10 хичээлээ сонгож байгаа нь давуу тал юм. Өмнө нь сонирхсон тоотой хэдэн сургууль дээрээ очдог, зарим үед бүртгүүлж амжаагүйгээс сонирхож буй сургуульдаа сурч чаддаггүй олон асуудал гардаг байсан. Харин одоо бол их дээд сургуулиудад бүртгүүлэхийн тулд биечлэн очих шаардлагагүй болж байна гэлээ.
ТУХАЙН ЭЛСЭГЧ ХАЛУУНТАЙ БАЙСАН Ч ШАЛГАЛТ АВНА
Хэрэв тухайн элсэгч сонгосон сургууль, ангидаа тэнцвэл хүсэлтээ баталгаажуулан сургуульдаа суралцах боломж нь бүрдэнэ. Харин тэнцээгүй тохиолдолд дараагийн хуваарилалтыг буюу үлдсэн сургуулиудын хуваариас сонголтоо хийнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл бүрэн хангагдаад байна. Харин шалгалт эхлэхээс цагийн өмнө эрсдлээ тооцож шалгуулагчид бэлэн байх ёстой гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байв. Энэ жилийн хувьд цар тахлын үед элсэлтийн ерөнхий шалгалт болох тул хүн бүрийн халууныг хэмжиж танхим руу нэвтрүүлэх тул багагүй цаг зарцуулна гэж тооцжээ. Хэрэв тухайн шалгуулагч халуунтай байвал хамгаалах хэрэгслийн хувцас өмсүүлж, тусгай анги танхимд шалгалт авах нь. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс хүн хоорондын зайг 2 метр байхаар төлөвлөж шалгалт авахаар болоод байна. Энэ жилийн хувьд 30 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад хоёр дахин өссөн дүнтэй байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ