Манай Вестерн Холд ХХК “ШИНЭ ХОВД” хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, Монгол Улсын Засгийн газрын бодлогын дэмжлэгтэйгээр баруун бүсэд цементийн үнийг хямдруулах Ховд эко цементийн үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг Ховд аймгийн Буянт суманд гардан хэрэгжүүлж байгаа билээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл явц, үр дүнтэй холбогдуулан Ховд аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшин өрсөлдсөн Ц.Цогзолмаа нарын нэр бүхий зарим хүмүүс цементийн үйлдвэр болон тэдгээрт ажиллагсдын нэр хүндэд бүдүүлгээр халдаж буйд гүнээ харамсаж байна. Тухайлбал, Ховд эко цементийн үйлдвэрийн ажилчдыг сонгуулийн үеийн “царцаанууд” хэмээн илтэд доромжлон харлуулж, тухайлсан нэр дэвшигчид үзэл бодлоо худалдан хэдэн зуугаараа саналаа өгсөн мэтээр хилсдүүлэн гүтгэсэн ташаа мэдээлэл сошиал орчинд зохион байгуулалттайгаар тараах боллоо.
Ховд эко цемент үйлдвэрийн бүтээн байгуулалтад өнөөдрийг хүртэл нэр бүхий 5 компани, 3 бригадын нийт 430 ажилтан ажиллаж байгаагаас 289 нь орон нутгийн, үлдсэн нь Улаанбаатар хот болон бусад аймгийн харьяат хүмүүс байна. Эдгээрээс орон нутгийн ажилчид болох 289 хүн Ховд аймгийн харьяат учраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох эрхээ хэний ч хараат бусаар чөлөөтэй эдлэж тус тусын харьяалах хэсийн хороонд очиж саналаа өгч сонгуульд оролцсон болно. Харин үлдсэн 141 ажилтан харьяалалгүй учир сонгуульд оролцож саналаа өгөөгүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна.
Ховд аймаг төдийгүй баруун бүсийн ард иргэдэд нэн чухал томоохон бүтээн байгуулалтыг улс төрийн ашиг хонжоо хайсан хувийн ашиг сонирхол, атгаг хүслийнхээ бай болгон манай үйлдвэр, тэнд ажиллагсдын нэр төрийг гутаан доромжлохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна.
Мөрөөрөө ажил хөдөлмөр эрхэлж, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй эгэл жирийн ажилчид, хувийн хэвшлийн нэр хүндэд бүдүүлгээр халдан сонгуулийн “царцааны үүр нүүдэл” хэмээн гүтгэн доромжилж буй эл асуудлыг СЕХ, цагдаа, тагнуул, АТГ зэрэг холбогдох байгууллагаар шалгуулж үнэн мөнийг тогтоолгохоо үүгээр мэдэгдье.
ВЕСТЕРН ХОЛД ХХ
Холбоотой мэдээ