Хоёр удаа 4 сая долларын сугалааны азтан болжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Хоёр удаа 4 сая долларын сугалааны азтан болжээ

Хоёр удаа 4 сая долларын сугалааны азтан болжээ

Хүн амьдралдаа ганцхан удаа томоохон хонжворт сугалааны азтан болно гэдэг гайхамшиг. Тэгвэл АНУ-ын Мичиган мужийн өмнөд Роквуд хотын оршин суугч Марк Кларк хэмээх залуу сүүлийн гурван жилийн хугацаанд ганц биш бүр хоёр удаа дөрвөн сая ам.долларын хонжворт сугалааны азтан болжээ.  Тэрбээр анх 2017 онд “Саятнуудын клуб” хэмээх хонжворт сугалаанд азтан болж байсан бол энэ сард ахин тус хонжворт сугалаанаасаа азтан болсон байна.

Тэрбээр 2017 онд Мичиган мужийн Хадсон хотын шатахуун түгээгүүрийн газруудад түлш хүргэдэг ажилтай байсан бөгөөд анх нэгэн шатахуун түгээгүүрийн газраас хонжворт сугалаа худалдан авч тэр дор нь арилгасан байна. Энэ тухай тус газрын эзэн “Бид хонжворт сугалааны талаар ярилцаж байсан юм. Тэр ч сугалаагаа хусаад зогсож байснаа гэнэт над руу цочролд орсон байдалтай харсан. Би түүний сугалааг хараад л ‘Марк, чи дөнгөж сая дөрвөн сая ам.доллар хожчихлоо’ хэмээн хэлж байлаа" гэжээ.

Марк Кларк анхны сугалаандаа азтан болсныхоо дараа шууд л ажлынхаа зогсоол руу очиж ачааны машинаа тавин аав, ээж дээрээ очсон байна. Гэнэтийн байдлаар дөрвөн сая ам.долларын эзэн болсон тэрбээр ажлаасаа гарч загасчлалд харамгүй мөнгө зарчээ.

Харин хоёрдахь удаагаа буюу энэ зургадугаар сарын 4-ний өдөр тэрбээр дахин хонжворт сугалаа худалдан авч 10 жилийн өмнө аавынхаа өгсөн зоосоор сугалаагаа хуссан гэнэ. Тэрбээр энэ тухай ярихдаа “Би жилийн өмнө аавыгаа зүрхний өвчнөөр алдсан. Сугалаа худалдан аваад өөрөө хусаад шагналын эзэн болно гэж бодоогүй учир аавын минь бэлэглэсэн зоос надад аз авчрах байх гэж бодсон” хэмээжээ. Дөрвөн сая ам.долларын эзнээр хоёр удаа тодорсон Марк Кларк өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөхгүй гэв. Тэрбээр “Аав бид хоёр үргэлж хамтдаа загасанд явж, сайхан дурсамжуудыг бүтээсэн болохоор би ч гэсэн гэр бүл, хүүхдүүдтэйгээ загасанд явж, цагийг зугаатай өнгөрөөнө” хэмээн орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Жил бүр дэлхий даяар 1600 гаруй хонжворт сугалааны үйл ажиллагаа зохион байгуулагддаг бөгөөд сар бүр 130, долоо хоног 30 гаруй их бага хэмжээний хонжворт сугалааны азтнууд тодордог байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж