Өнгөрсөн долоо хоногт Италийн Трентинод ууланд авирч байсан аав хүү хоёр руу хүрэн баавгай дайрчээ. Уг баавгайд цаазын ял оноосон бөгөөд амьтны эрхийн төлөө тэмцэгчид эрх баригчдаас баавгайд оноосон ялаа хөнгөрүүлэхийг шаардаж байгаа аж. 59 настай Фабио Миссерони болон түүний хүү 28 настай Кристиан Миссерони нар Пеллер ууланд алхаж байгаад хүрэн баавгайтай дайралдсан гэнэ.
Италийн байгаль орчин судлах, хамгаалах үндэсний институт хүн рүү дайрсан баавгайг шийтгэх хэрэгтэй хэмээн үзсэн байна. Дээрх үйл явдал болсны дараа Трентиногийн захирагч Мауризио Фугатти баавгайг барьж, устгах тушаал гаргажээ. Ингэхдээ хэрэг хийсэн баавгайг танихын тулд Миссеронигийнхны хөлний шарх болон хувцсан дээр үлдсэн үс зэргээс ДНХ-ийн дээж авах аж.
Сүүлийн жилүүдэд тус нутагт хэд хэдэн ийм хэрэг гарсан бөгөөд тухайн бүрт хүн рүү халдсан амьтны ДНХ-ийн дээжийг цуглуулж, ойд тавьсан ажиглалтын камераар мөрдөх болжээ.
Харин Италийн амьтны эрхийн төлөөх Анималисти Италиани болон WWF нар эрх баригчдыг хэргийн талаар бүрэн мөрдлөг явуулж дуусахаас нааш баавгайд ял оноохгүй байхыг уриалж байгаа гэнэ. Тэдний үзэж буйгаар аав хүү хоёр хэрвээ түрүүлж баавгайд халдсан бол баавгайг буруугүй хэмээн үзэж, эсрэгээрээ аав хүү хоёрт ял оноох хэрэгтэй гэнэ. Улмаар энэхүү санаачлагыг 15 мянган хүн дэмжиж гарын үсгээ зурсан байна.
Түүнээс гадна Италийн байгаль орчны сайд дээрх баавгайг бамбаруушнуудаа хамгаалсан эх баавгай байж магадгүй хэмээгээд ял оноохын эсрэг байр суурьтай байгаагаа захиагаар илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ