ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хейко Маас Транс-Атлантын түншлэлийн сайн цаг хэдийн түүх болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, АНУ-ын төрийн эрхийг Ардчилсан нам буцаан авлаа ч хоёр улсын таатай харилцаа сэргэхээс нэгэнт өнгөрсөн хэмээн ярьжээ.
Тэрбээр телевизэд ярилцлага өгөхдөө “АНУ-д Ардчилсан намаас Ерөнхийлөгч сонгогдвол Транс-Атлантын түншлэл эргэн сэргэнэ гэсэн найдвар тээж яваа хүмүүс бүтцийн өөрчлөлт гэдэг зүйлийг сайн ойлгохгүй байх шиг байна” хэмээн ярьж, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп байхаа больсон ч хоёр улсын найрсаг харилцаа эргэн сэргэхээргүй болсон хэмээн онцолжээ.
Гэсэн хэдий ч Берлин Вашингтонтой удаан хугацаанд хадгалж ирсэн харилцаагаа эцэслэхэд бэлэн биш байгааг Хейко илэрхийлж буй. Тэрбээр “Транс-Атлантын түншлэл бол ер бусын чухал харилцаа. Тиймээс бид энэ харилцааг ирээдүйд ч авч үлдэхийн тулд хичээн ажиллаж байна” хэмээн хэлжээ.
Берлин НАТО-ын гишүүний үүргээ биелүүлж, батлан хамгаалах салбартаа ДНБ-ий дор хаяж хоёр хувийг зарцуулахгүй байна хэмээн Трамп удаа дараа шүүмжилсний улмаас хоёр улсын харилцаа улам дордож буй билээ. Цаашлаад Трамп Германд байрлаж буй 34500 цэргийнхээ бараг 10 мянгыг эргүүлэн татаж, дээрх үүргээ биелүүлэхээс нааш буцаан илгээхгүй хэмээн мэдэгдсэн билээ.
Вашингтон мөн ОХУ-ын "Умардын урсгал-2" хийн хоолойн төслийг Герман дэмжсэнд ихэд бухимдаж, дахин дахин эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж: RT