Эхнэрээсээ айдаг экс ерөнхийлөгчийн тансаглал

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Эхнэрээсээ айдаг экс ерөнхийлөгчийн тансаглал

Эхнэрээсээ айдаг экс ерөнхийлөгчийн тансаглал

Арабын хувьсгалын эхлэлтэй зэрэгцэн албан үүргээсээ огцорсон Тунисын ерөнхийлөгч асан Бен Алигийн гэр бүл маш их хөрөнгө төвлөрүүлсэн байсан талаар хэвлэлүүд онцолжээ.

Албан ёсны мэдээллээр, зөвхөн тус улсын төрийн тэргүүний дансанд таван тэрбум ам.доллар байсан аж. Гэвч энэ нь хүмүүсийн уур хилэнг тэгтлээ бадраасангүй, гагцхүү үсчин байсан түүний эхнэр Лейла “асуудал”-ын гол байжээ. Энэ эмэгтэй нөхрөөсөө 21 насаар дүү ч Тунисын ерөнхийлөгч болон улс орныг бүхэлд нь удирдаж байсан аж. Охидынх нь хувьд зэрлэг барыг гэрийн тэжээвэр амьтдын адил гэртээ авчирч, Сент-Тропезаас амттан захиалж тансагладаг байжээ. Бен Алиг оргон зайлсны дараа ордноос нь их буу, алтан шувууд, чихмэл амьтад, хуяг дуулга зэрэг эд зүйлс олдсон байна.

Саудын Арабын Жидда хот руу нисэх хувийн тийрэлтэт онгоцонд үнэт зүйл бүхий асар том хайрцгийг яаран ачжээ. Гартаа жижиг чемодан барьсан 74 настай эр шатны дэргэд зогсоно. Энэ хүнийг сүүлийн 23 жилийн турш улс орныг удирдаж байсан, Тунисын ерөнхийлөгч асан Бен Али хэмээн танихад хэцүү аж. Тэрбээр "Би Тунисээс зугтахыг хүсэхгүй байна. Би эндээ үлдэж, эндээ ясаа тавихыг хүсч байна" гэж уцаартайхан гэгч хэлжээ. Түүний эхнэр, 53 настай Лейла огцом эргэн харж, "Амаа татаад, онгоцонд суугаач, тэнэг ээ! Би чиний тэнэглэлээс залхаж байна! Та нарын алдааны төлөөсийг төлөхөөс залхаж байна” хэмээн ширэв татжээ.

Хуучин туслахуудынх нь нэг, генерал Али Сирианиа Лейлагийн дэргэд зогсож байсан бөгөөд Бен Алиг "Бурхан минь, онгоцондоо суу даа" хэмээн хэлсэн байна. Ерөнхийлөгч асан онгоцны шатаар алгуурхан алхаж, түүний эхнэр, хүү Мохаммед, охин Халима болон сүйт залуу, түүнчлэн туслахууд, хоёр филиппин үйлчлэгч нь дагалдан явжээ.

Ерөнхийлөгч асны гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүсийн хэлснээр, Бен Али эхнэрээсээ их айдаг бөгөөд түүний шаардсан бүх зүйлийг эргэлзээгүй гүйцэлдүүлсэн байна. 2009 онд тэрбээр түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон тул ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхийг хүсчээ. Гэвч эхнэр нь түүнийг отгон хүү Мохаммедаа өсч, том болтол засгийн эрхэнд байж, төрийг удирдах ёстой хэмээн "лүндэн буулгасан" байна. Мөн тэрбээр өөрийг нь ерөнхийлөгч болтол Бен Алиг суудлаа өгөхийг хоригложээ.

Жидда руу нисэх үед Бен Алиг дагалдан явсан цэргийн хүн, Ерөнхийлөгч асан арван минут тутамд нисгэгч нар руу дөхөж очин “Бид Жиддад буусны дараа та нар Тунис руугаа буцаж очих хэрэгтэй. Намайг авч явна биз дээ" хэмээн асууж байсан аж. Харамсалтай нь, Бен Али эх орондоо хэзээ ч эргэж ирээгүй. Тунист цэргийн шүүх түүнийг хүний амь хөнөөсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан, мансууруулах бодис хууль бусаар ашигласан, авлига авсан, улсын хөрөнгийг шамшигдуулсан гэх хэргээр яллаж, бүх насаар нь хорих ял, 100 сая ам.долларын торгууль ногдуулсан байна.

Хэтэрхий тансаг хэрэглээтэй, авлигын хэрэгт холбоотой учраас хүмүүс Лейлаг "Арабын Макбетт хатагтай" хэмээн нэрлэдэг байжээ. Лейла эхээс арвуулаа, бага боловсрол эзэмсэнийхээ дараа нутгийн үсчинд ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр 1992 онд Бен Алитэй гэрлэснээр нэр алдар нь цуурайтжээ. Лейлад 21 насны ялгаа огтхон ч төвөг болоогүй аж. Тэрбээр Бен Алид хоёр охин, хүсэн хүлээсэн өв залгамжлагч хүү төрүүлж өгсөн бөгөөд түүнийг Мохаммед хэмээн нэрлэжээ.

Тэргүүн хатагтай спорт машин сонирхдог, Дубайд шоппинг хийх дуртай байсан бөгөөд хэдэн зуун доллараар худалдан авалт хийдэг байсан аж. Охид нь ч түүнээс дутахгүй тансаг эд зүйлс, үнэтэй хувцсанд дуртай байжээ. Отгон охин Несрин нь дэлхийн өнцөг булан бүрээс ордондоо хоол хүнс захиалан авчрахыг илүүд үздэг байж. Жишээлбэл, Сен-Тропезын зайрмаг, амттаныг Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний эзэмшдэг онгоцонд авчруулдаг байжээ. Ерөнхийлөгчийн гэр бүлийг квази-мафи гэж нэрлэсэн дипломатчийн хэлснээр, амьтнаар хооллодог бар нь тэдний харшид торонд амьдардаг байсан аж.

Тунисыг Бен Али огт удирддаггүй, харин түүний эхнэр, гэр бүлийнхэн удирддаг гэдэгт ард түмэн нь итгэлтэй байдаг байжээ. Лейлагийн дүү Белхассен Трабелси засгийн газар болон Төв банкны бүтцийг хариуцан ажиллаж байсан бөгөөд орон нутгийн бизнес эрхлэгчдийн дунд багагүй нэр хүнд олсон нэгэн аж.
Тунисчууд Бен Али болон түүний хамаатан садны 117 хүн хэтэрхий тансаг амьдардаг гэж үргэлж сэжиглэж байсан боловч тэдний ордон дахь жинхэнэ баялаг хэр үнэ цэнтэйг төсөөлж ч байгаагүй ажээ. Гэвч тэдэнд хуучин удирдагчийг тус улсаас зугтсаны дараа тэдгээрийг олж мэдэх боломж гарч ирсэн байна.

Шинэ эрх баригчид экс Ерөнхийлөгчийн хоёр ордонд нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө (27 сая доллар), үнэт эдлэл, хоёр килограмм марихуан, археологийн үнэт зүйлс олжээ. Мөн Сиди-Бу-Саидын далан эрэг дээрх эдлэнгээс нь шар цоохор ирвэсний чихмэл, хоёр алтан шувуу, DVD-нүүд олдсон байна. Тэдгээр DVD-нүүд дунд Анжелина Жолигийн Брэд Питтэй хамтран бүтээж, гол дүрд нь тоглосон "Ноён ба хатагтай Смит" кино байжээ. Ерөнхийлөгчийн унтлагын өрөөнд Коран судрын хуудсуудыг харуулсан маш том проектор өлгөөтэй байсан аж.

Мөн тэнд том усан сан, нисдэг тэрэг буух газар, тэр ч байтугай хоёр хуучин их буу байжээ. Гаражид нь Lamborghini Gallardo LP 460, Bentley Continental, Porsche, Lamborghini, Jaguar, хуягт Кадиллак, Майбах гэх мэт олон тооны тансаг автомашин, алдартай брэндүүд, уран зургууд байсан байна.

Тунис хотод үймээн самуун дэгдмэгц Лейла Тунисын Төв банкнаас 45 сая еврогийн үнэтэй 1.5 тонн алтыг Дубай руу шилжүүлжээ. Албан ёсны мэдээллээр, Францын банкинд Бен Алигийн нэрийн дансанд таван тэрбум ам.доллар байсан аж. Хожим нь Тунисын хуучин удирдагчийн орон сууцанд анх удаа очсон орон нутгийн сэтгүүлчдийн хэлснээр эргэн тойрон дахь эд зүйлс нь үнэхээр үнэтэй байжээ. Гэхдээ тэд “Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн үнэхээр мэдрэмж муутай” хэмээн дуун алдсан байна.

Тунисын эрх баригчид Бен Алигийн бүх үл хөдлөх хөрөнгийг 2012 оны арванхоёрдугаар сард зарахаар шийджээ. Ерөнхийлөгч асан болон түүний хамаатан саднуудын эрдэнэсийг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс олон зочин цугларсан байна. Нийт 39 автомашин, 300 багц үнэт эдлэл, түүний дотор хэдэн мянган очир эрдэнээр чимэглэсэн тэргүүн хатагтайн зүүлт, 12 мянга гаруй дагалдах хэрэгслүүд байсан аж. Эдгээрийн дотор хувцас, цүнх, цаг, урлагийн зүйлс, тавилга, дотоод засал чимэглэл, эртний эдлэлүүд байжээ. Нийт үнийн дүн 13 сая доллар болсон байна. Тэргүүн хатагтайн өмссөн даашинз, костюм, цув, гуталд Тунисын эмэгтэйчүүд үргэлж атаархдаг байжээ.

Саудын Арабаас орогнол хүссэн Бен Алигийн гэр бүл Жидда хотод нутгийн цэргүүдийн хамгаалалт дор суурьшсан аж. Эрх мэдлээс огцорсон төрийн тэргүүн гэр бүлийн хамт долоон хаалга бүхий цагаан гантиган гоёмсог ордонд амьдарч, дахин улс төрд орохгүй гэдгээ амласан байна.

Амьдралынхаа сүүлийн гурван сарын хугацаанд Бен Али Саудын Арабын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байжээ. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд 83 настайдаа зүрхний шигдээсээр нас барсан байна. Бен Алийн гэр бүл экс ерөнхийлөгчийн цогцсыг эх оронд нь хүргэж, сүүлчийн ёслол хийхээс татгалзжээ. Түүнийг лалын шашинт Медина хотод оршуулсан байна.

Эх сурвалж: Аssociated Press, EPA

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж