Сонгууль 2020: Гурван хуучин, хоёр шинэ үнэн

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сонгууль 2020: Гурван хуучин, хоёр шинэ үнэн

Сонгууль 2020: Гурван хуучин, хоёр шинэ үнэн

Зургадугаар сарын 24-ний өдрийн сонгуулийн санал хураалтын дүнг хоёр хоногийн дараа Сонгуулийн ерөнхий хороо зарлаж, шинээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг өнөөдөр Төрийн ордонд гардуулна. Энэ удаагийн сонгуулиар эрх баригч МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж 76 суудлын 62-ыг авлаа. Харин Ардчилсан нам өмнөх сонгуулиар авсан есөн суудлаа хоёроор ахиулж 11 суудал авсан бол үлдсэн гурван суудлыг “Та бидний эвсэл”, “Зөв ХҮН Электорат” эвсэл, нэг бие даагч авлаа.

Сонгуулийн санал хураалтыг албан ёсны байгууллага нь болох СЕХ зарласан ч албан ёсны мэдээлэлтэй хамт санал хураалтын дүн бодитой явагдсан эсэх маргаан өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилж, Ерөнхийлөгч Х.Баттулгын өгсөн үүргийн дагуу зарим тойрогт саналыг гараар тооллоо. Сонгуулийн хуульд зааснаар санал хураалт, сурталчилгаа, нэр дэвшигчидтэй холбоотой элдэв маргаан, гомдол шүүхээр шийдэгдэх учиртай ч Ерөнхийлөгч хуулиас дээгүүр алхам хийлээ. Санал хураалтыг хүлээн зөвшөөрөх эсэх маргаан үргэлжлэх нь Монголын түүхэнд тохиосон долдугаар сарын 1-ний хар өдрийг давтуулах маш сөрөг үр дагавартай.

Ямар ч гэсэн УИХ-ын найм дахь удаагийн шинэ бүрэлдэхүүн тодорлоо. Харин бараг сонгууль болгоны дараа яригддаг үндсэн хэдэн сэдэв өөрчлөгдсөнгүй.

Нэгд, сонгуулийн тогтолцооны талаар. Шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол улс 1992 оноос парламентын сонгуулийг явуулж, төрийн эрх барих дээд байгууллагыг сонгож ирсэн бөгөөд сонгуулийн мажоритар тогтолцоог түлхүү сонгож ирсэн. Ингэхдээ нэг мандаттай жижигсгэсэн тойрог бүхий мажоритар системээр 1996, 2000, 2004, 2016 оны, олон мандат бүхий томсгосон тойрог бүхий мажоритараар 1992, 2008 болон 2020 оны сонгуулийг явуулж, ганц удаа буюу 2012 онд пропорциональ болон мажоритар хосолсон холимог тогтолцоогоор УИХ-аа сонгожээ.

1992 болон 2008 оны сонгуулийг аль алиныг нь томсгосон 26 тойргоор явуулсан болон энэ удаа 29 тойргоор явагдлаа.

Улс төр судлаачдын зүгээс мажоритар тогтолцоог хэт шүтэлгүй, пропорциональтай хослуулах, болж өгвөл пропорциональ руу бүрэн шилжих нь Монголд хэрэгтэй гэдгийг байнга ярьдаг. Мажоритар тогтолцооны олон сул талтай бөгөөд хамгийн том сул тал нь сонгогчдын санал гээгддэг явдал гэдгийг хэлдэг. Энэ удаад ч энэ сэдэв дахин сөхөгдөж байна. УИХ-ын 62 суудлыг авсан МАН нийт сонгогчдын 50 хүрэхгүй, 40 гаруй хувийн санал авч, үлдсэн 50 илүү хувийн сонгогчийн санал үнэгүйдэж байгаа юм. Монголын хүн амын өргөн уудам нутагт сийрэг байдлаар тархан сууж байгаа нь мажоритар, тэр дундаа жижигсгэсэн мажоритарыг сонгохоос өөр аргагүй байдал руу хөтөлдөг гэж тайлбарладаг боловч мажоритар тогтолцооны хамгийн том гажиг улс орны хөгжлийн ерөнхий дүр зургийг бүдгэрүүлж, тойрог услах аянаар улстөрчид өрсөлддөг, улс төрийн намуудыг институцийн хувьд бэхжүүлэх боломж олгодоггүйг.

Хоёрт, ардчилсан чигийн улс төрийн хүчнүүд хүчээ нэгтгэх ёстой байсан гэсэн улиглал. Хүчээ нэгтгэх, эвтэй байх гэдэг уриа бол сонгууль болгоны топ уриануудын нэг байсаар байна. Дотроо хагаралтай байгаа МАН энэ удаа хүчээ нэгтгэе уриатайгаар ялалт байгуулж чадлаа. МАН-ын авсан 40 гаруй хувийн саналын үлдсэн хувь нь бусад нь улс төрийн хүчин хүчээ нэгтгэж чадсан бол сонгуулийн дүн эсрэгээр гарах боломжтой байсан.

Гуравт, эрх баригч хүчин сонгуулийг төрийн мөнгө, хүний нөөцөөр явуулдаг. Энэ бол бүх л сонгуульд ажиглагддаг гажиг. 2020 оны хувьд коронавирусийн хорио нь энэ гажгийг эрх баригч давуу байдлаар ашиглах боломжийг гаргаж өгсөн нь үнэн. Засаг захиргааны хуваарилалтыг хамгийн доод шатны нэгж хороо бол эрх баригч хүчинд үйлчилж, сонгогчидтой тулж ажилладаг үндсэн бааз байсаар ирсэн нь энэ сонгуулиар илүү тод илэрлээ. Хорооны ажилтнаас утасны дуудлага аваагүй сонгогч Улаанбаатар хотод лав байсангүй.

2020 оны сонгуулийн сурталчилгаа хамгийн өвөрмөц байдлаар явагдсан улс төрийн хүчин, нэр дэвшигчид сошиал орчныг чадлынхаа хэрээр тултал ашиглалаа. Спонсорлосон постуудын лайк, шэйрийн тоогоор найдлага тавьж байсан олон хүн санал хураалтын шөнө бүгд урам хугарлаа. Сошиал орчин нь зүгээр хэдхэн хүнийг хамруулсан вакуумжсан орчин байсныг ойлгосон байх.

Бас нэг шинэ үнэн нь 606 хүний сэтгэлд багтаад байсан парламентын 76 суудлын эрх мэдэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг гурван хүнтэй багт шилжсэн гэдгийг мэдэж байсан болов уу. Парламентын тогтолцоогоороо дамжуулж, ардчиллыг хангана гэж ярьсан нэр дэвшигч бараг байсангүй. Монгол Улсын Ерөнхийлөгч толгойлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн бүтэц гурван хүнтэй, дөрвөн үсэгтэй энэ газар Монгол улсын эрх барих дээд байгууллагаас илүү эрх мэдлийг өөртөө аваад байгаа. Шүүх байгууллагын томилгоонд оролцож, эдийн засгийн шийдвэрүүдэд нөлөөлж байгаа ҮАБЗ-ийн тэргүүн өнгөрсөн өдрүүдэд СЕХ-ны эрх мэдэлд халдлаа. 2008 оны гашуун хар түүхийг олон хүн санаж байгаа тулдаа улс төрийн хүчнүүд, хэвлэл мэдээлэл үгээ цэнэж, үйлдлээ хянаж байгаа нь анзаарагдаж байна. Энэ бол хуульт төрөө дээдэлсэн хүндлэл болохоос хэн нэгэн дураар авирлагчид боломж олгоно гэсэн үг биш юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж