Сонгууль тойрсон сонирхолтой тоон үзүүлэлт

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Сонгууль тойрсон сонирхолтой тоон үзүүлэлт

Сонгууль тойрсон сонирхолтой тоон үзүүлэлт

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-нд болж эрх баригч МАН ялалт байгуулаад буй. Сонгуулийн үр дүнд парламентад МАН 62, АН 11,  Та бидний эвсэл 1, Зөв хүн электорат эвсэл 1, бие даагч -1 суудалтай боллоо.

Гэвч, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн санал хураалтыг шударга бус болсон хэмээн үзэж байгаа бөгөөд эсэргүүцлээ ч илэрхийлэх болсон. Санал хураалтын үеэр нэг хүн олон удаа санал өгсөн,  огт байхгүй орон сууцны хаяг ашиглаж санал өгүүлсэн, гадаадад байгаа иргэд болон нас барсан иргэний нэрийг ашигласан, иргэдийн зөвшөөрөлгүй хаяг дээр нь амьдардаггүй хүмүүсийг бүртгэж санал өгүүлсэн зэрэг олон ноцтой зөрчил гарсныг иргэд, ажиглагчдын зүгээс гомдол ирүүлснийг улс төрийн нам эвслүүд мэдээлсэн.

Гэхдээ сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэж иргэний нийгмийн байгууллагуудаас үзэж байна.

САНАЛ ХУРААЛТЫН ДҮН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООТОЙ ХОЛБООТОЙ

"МИДАС" ТББ-ЫН ТЭРГҮҮН С.ЭНХЖАРГАЛ:  

-УИХ-ын 2020 оны сонгуулийн саналт хураалтын үеэр ноцтой зөрчил илрээгүй, тиймээс хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Гэхдээ тэгш гараа гэх зүйл их бага байлаа. Зарим нэр дэвшигч дөрвөн жил тойргоо усалж байхад зарим нь сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн тойргоо усаллаа. Дээр нь энэ удаагийн санал хураалтыг мөнгөний сонгууль боллоо гэж ярьж байгаа ч бодит судалгаа алга байна. Ерөнхийдөө хорих ангиас нэр дэвшсэн зургаан гишүүний тухайд яривал ямар учраас нэр дэвшсэн хойно нь хорив, эдгээр зургаан гишүүний нэг нь УИХ-ын гишүүн болохоор санал авлаа, хэрэв яллагдвал яах вэ, нөхөн сонгууль хийх үү гэх зэргээр тодорхой хэмжээнд асуудлууд байна.

Хүмүүсийн хувьд сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байна гэсэн асуудал ч их яригдаж байна. Үүнийг би оройтсон асуудал гэж харж байна. Яагаад гэвэл энэ нь сонгуулийн тогтолцоотой холбоотой.

Өөрөөр хэлбэл, эрх баригч нам сонгуулийн өмнөх жил намдаа ашигтай тогтолцоог дэвшүүлж, тухайн хувилбараа баталчихдаг. Жишээ нь, энэ жил маш олон бие даагч сонгуульд өрсөлдлөө гэдэгт хүмүүс сайн амтай байсан ч эцэст нь тэдгээр олон нэр дэвшигчид саналаа хувааж байгаа гэдгээ анзаарахгүй байна. Тэгэхээр намууд, бие даагчид нэгдэж ажиллах хэрэгтэй гэдгийг энэ удаагийн сонгууль харууллаа гэлээ.

Санал хураах  өдөр  Шударга сонгуулийн төлөөх иргэний нийгмийн хяналтын сүлжээнд нэгдсэн төрийн бус байгууллагуудын 220 ажиглагч нийт 112 хэсгийн хороонд  сонгуулийн санал хураах, тоолох, дүн гаргах болон хяналтын тооллогын явцад хяналт тавин ажиллажээ. Уг сүлжээнд Глоб Интернэшнл ТББ, МИДАС ТББ, Сонгогчдын Боловсрол Төв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт зэрэг иргэний нийгмийн байгууллага нэгдсэн байна. Хэдийгээр ноцтой зөрчил илрээгүй ч санал авах байрны зай талбай жижиг,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх орчныг хангаагүй, дөрвөн ам бүлтэй нэг айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгүүлсэн зэрэг зөрчил гарчээ. Энэ удаагийн сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн урьдчилсан дүгнэлтийг танилцуулъя.

САНАЛ АВАХ БАЙР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН САНАЛ ӨГӨХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛСЭНГҮЙ

Санал авах байрны орчин, зохион байгуулалт аюулгүй байдал сайн хангагдсан байсан боловч хэсгийн хороодын зохион байгуулалттай холбоотой дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ.

НЭГ АЙЛЫН ХАЯГТ 20 ГАРУЙ ХҮН БҮРТГҮҮЛСЭН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Санал хураах үйл явцын үеэр саадгүй үргэлжилсэн ч санал авах байр хэт жижиг, сонгогч саналын хуудас бөглөх, саналаа уншуулах талаар мэдлэггүй байснаас дараах зөрчил гарсан байна. Мөн сонгуулийн үйл явцын талаар шуурхай мэдээлэл авах хуулиар олгосон ажиглагчдын эрхийг зөрчиж гар утсыг нь хураан авах зөрчил ч санал хураалтын үйл явцын үеэр гарчээ.

Иргэний нийгмийн байгууллагуудын ажиглагч нар 99 хэсгийн хороонос 31 хэсэгт хяналтын тооллогын үйл явцыг  ажиглажээ. Зарим хэсэгт хяналтын тооллогын процесс хэт удаан үргэлжилсэн бөгөөд алдаж тоолоод дахин эхэлсэн, хэсгийн хороод хяналтын тооллого явуулах тодорхой аргачлалгүй байсан зэргээс үүдэн ажиглагч нар тасралтгүй 28 цаг хөндлөнгийн хяналт тавьжээ.

НЭР ДЭВШИГЧДИЙН 74.7 ХУВЬ НЬ ЗАРДЛАА ТАЙЛАГНАЖЭЭ

Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ-аас  2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн компанит ажлын санхүүжилтэд мониторинг хийжээ. Сонгуулийн сурталчилгаанд эийт 15 нам  7.6 тэрбумыг зарцуулсан гэж тайлагнасан байна. Гэвч Үндэсний аудитын газрын цахим хуудас нэр дэвшигчдийн зардлын тайлаг энэ сарын 23-ны 19:00 цагаас 25-ны өдрийг хүртэл үзэх боломжгүй, хаалттай болгожээ. Энэ нь сонгогчдын мэдээлэл авах эрхийг зөрчсөн үйлдэл боллоо гэж үзсэн байна.

МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААГААР МАН ТЭРГҮҮЛЖ АН УДААЛАВ

“Глоб Интернэншнл” ТББ-аас сонгуулийн сурталчилгаанд гурван үе шаттай судалгаа хийжээ. Судалгаанд олон нийтийн болон төсвийн санхүүжилт ашигладаг, зах зээл дээр удаан оршин тогтнож буй, үзэгчдийн рейтинг өндөр зэрэг шалгуураар сонгогдсон MҮОНТ, “UBS”, “NTV”, “ТВ-9”, “MN25” гэсэн таван телевизэд хяналт тавьжээ. Энэ хугацаанд телевизүүдийн 1813 цаг 14 минут 41 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийхэд 292 цаг 46 минут 18 секунд нь буюу 16 хувь нь сонгуультай холбоотой мэдээлэл байжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж