"Ямар ч лацгүй ууттай саналын хуудас тоолуулж байна"

Хуучирсан мэдээ: 2020.06.28-нд нийтлэгдсэн

"Ямар ч лацгүй ууттай саналын хуудас тоолуулж байна"

"Ямар ч лацгүй ууттай саналын хуудас тоолуулж байна"

Ардчилсан намаас өчигдөр /2020.06.27/ бие даагчид, эвслүүдтэй хамтран Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг олон нийтэд ил болгох шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр сонгуулийн тооллоготой холбогдуулан нам, эвслүүд, бие даагчид Ардчилсан намын байранд дахин мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шинэ эвслээс нэр дэвшсэн Ц.Баттуяа мэдээлэхдээ “Бид энэ удаа хамтарсан мэдэгдлээ танилцуулж байна. УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүн эцэслэн гаргахын тулд нийт 29 тойрогт хяналтын тооллого хийж байна. Гэтэл сонгуулийн төв байгууллага зориудаар будлиантайгаар зохион байгуулсан байж болзошгүй тул улс төрийн нам, эвслүүд, бие даагчид хамтран шаардлага гаргасан билээ. Гэтэл эрх баригчдын томилсон төрийн албан хаагчид хяналтын тооллогоор МАН-ын луйврын сонгуулийг баталгаажуулах, хууль зөрчсөн үйл ажиллагаа болж эхэллээ. Тухайлбал, хяналтын тооллогоор ямар ч лацгүй ууттай саналын хуудас тоолуулж байна. Энэ нь саналын хуудсыг хуурамчаар бүрдүүлэх магадлалтай. Мөн хяналтын тооллогод бусад нам, эвслийн ажиглагчдыг ойртуулахгүй, холоос харуулж байна. Хэсгийн ажилчид ажиглагч нарыг хуульд заасан эрх, боломжоор хангахгүй байна. Мөн хэсгийн дарга нар тоо буруу байна гэхэд засварлаж буй тэмдэглэл үйлдэхгүйгээр эрх баригч намд үйлчилж байна. Хэсгийн ажилчид тооллого хийхдээ 25-аар багцалж байгаа ч нэр дэвшигчийн саналыг өөр нэр дэвшигч дээр тоолсныг засахгүй байх, цагдаагийн албан хаагчид хэсгийн даргын үгээр хөдөлж, эрх баригч намд үйлчилж байна. Нэг сонгогч хоёр болон гурваас дээш санал өгсөн баримтыг иргэд олноор ирүүлж байна” гэв.

“СЕХ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байж луйврыг илчилнэ”

Та бидний эвслийн дарга Н.Энхбаяр “Нэгдүгээрт намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй. Хоёрдугаарт би дахиж сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байна. Цаашдаа энэ луйврын сонгуульд нэр дэвших ямар ч сонирхол алга. Үндсэн хуулинд заасан ардчиллын суурь зарчим болох сонгох, сонгогдох эрхийг хамгаалахын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно. Бид саяхан сонгуульд өрсөлдөгчид байсан бол МАН-ын жүжигт хохирсон хохирогчид юм байна. Ард түмний 70 хувь нь МАН-д саналаа өгөөгүй. Тэд 30-хан хувийн санал авчихаад төрийн эрх барих дээд байгууллагад 80 гаруй хувийн суудал эзэлж болохгүй. Одоогийн СЕХ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, бусад нам, эвслийн тэгш төлөөллийг бүрдүүлж, луйвар будлианыг шалгахыг шаардаж байна. Мөн сонгуулийн луйварыг илчлэхэд цагдаагийн байгууллага саад учруулж болохгүй. Хяналтын тооллогын дүн албан ёсоор гартал УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг хүлээн авахгүй байхыг шаардаж байна” гэлээ.

УИХ-ын 21 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн Н.Баярмаа “Энэ удаагийн сонгууль хууль зөрчиж, хийсэн. Миний хувьд Багануур, Багахангай, Налайх дүүргийн 21 дүгээр тойрогт нэр дэвших байсан. Гэвч нэр дэвших эрхийг маань түдгэлзүүлчихсэн байж байгаад хуулиар Дээд шүүхийн шийдвэр албан ёсоор гарч, нэр дэвшигч болж байхад саналын хуудсанд нэр маань хэвлэгдэлгүйгээр сонгууль болсон. Энэ мэт СЕХ маш хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчсөн” гэдгийг хэллээ.

МАН-аас бусад бүх нам эвслийн төлөөлөл болон бие даагчид хамтарсан хэвлэлийн хурал хийж байна

Posted by News.mn on Sunday, June 28, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
24
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж