Гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр /2020.06.28/ 14.00 цагаас Тусгаар тогтнолын ордны урд талбайд дахин цугларчээ. Энэ үеэр суултыг зохион байгуулсан Э.Одбаяр ярихдаа “Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөн 35 дахь өдрөө үргэлжилж байна. Бид өнөөдөр 14.00 цагт Тусгаар тогтнолын ордны үүдэнд цуглаж зургадугаар сарын 16, 20, 22, 25-нд өгсөн 15 зүйл шаардлагынхаа хариуг нэхэж, дараагийн 10 шаардлагаа хүргүүлэхээр цугларсан. Өнөөдрийн байдлаар эрх баригч МАН нэг ч шаардлагын хариу өгөөгүй байна. Бид тавдугаар сарын 24-нөөс эхлэн нэгдэж, эрх баригч намын байрны үүдэнд зургаа дахь удаагаа цугларч байна” гэв.
Түүнийг өмнө нь суулт хийх үеэр /2020.06.22/ байгууллагын хэвийн үйл ажилгааг алдагдуулж, будаг цацан танхайрсан гэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилж, байцаалт авч байсан юм. Тэд энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах таван шаардлагыг хүргүүлж байгаа аж.
- Гадаадад гацсан монголчуудын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдах, айлган сүрдүүлэхээ зогсоох.
- Өнгөрсөн хугацаанд хүндэтгэн үзэх таван шаардлагад хамаарахгүйгээр ирсэн хүмүүсийн нэрсийг ил болгох.
- Улсын баяр наамдыг хойшлуулж, тэрэнд зарцуулах хөрөнгийг гадаадад гацсан иргэдээ эх оронд нь авч ирэхэд зарцуулах.
- Цар тахалтай улмаас Засгийн газар болон Улсын онцгой комиссын үйл ажиллагааг дэмжих зорилгоор ард иргэдээс өгсөн хандив, буцалтгүй тусламжийг ил байршуулж, энэ мөнгөөр гадаадад гацсан иргэдээ татан авахад зарцуулж, олон нийтэд мэдээлэх.
- Гадаадад гацсан монголчуудыг вирус тээгч мэтээр хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлж, буруу ойлголт төрүүлэхээ таслан зогсоох
А.СҮРЭН
Холбоотой мэдээ