АНУ-ын Флорида муж улсад өдөрт шинээр бүртгэгдэх коронавирусийн халдварын тохиодол 9000 дөхсөн учраас муж улс даяар архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хоригложээ. Тус улсад Баасан гаригт халдварын 8942 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь Лхагва гаригаас хоёр дахин нэмэгдсэн аж. Халдварын тархалт огцом нэмэгдсэн нь 21 хоногийн өмнө бар, цэнгээний газруудыг нээсэнтэй холбоотой гэж албаныхан үзсэн байна. Учир нь залуучууд олноороо бар, цэнгээний газар цугларч, зай барих дүрмийг мөрдөөгүйгээс халдвар нэмэгджээ. Бар, цэнгээний газар, ресторанууд хэвийн үед хүлээн авдаг үйлчлүүлэгчдийнхээ тоог 50 хувиар бууруулж, ширээ хоорондын зайг хоёр метр байлгах ёстой байв.
Үүний зэрэгцээ Майами хотын дарга захирамж гаргаж, далайн эргүүдийг долдугаар сарын 4-ийг хүртэл хаасан байна.
Эх сурвалж: Associated Press