Бүргэдчин охин Н.Айшолпан Казахстан Улсын Астана хотын Кембриджийн сургалттай "Spectrum" олон улсын ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсчээ. Өнгөрөгч 2017 онд Харвард болон Оксфордын их сургуулиудад оюутнаар элсэх урилга авсан түүнийг Казахстан улсын Боловсролын яамнаас "Spectrum" олон улсын сургуульд ерөнхий боловсрол болон хэлний чиглэлээр хоёр жилийн хугацаагаар суралцуулахаар болсон.
Тус улсын "Боловсрол-Инноваци" олон улсын сангийн ерөнхийлөгч түүнд зориулан 20 мянган ам.долларын тэтгэлэг олгож, тус улсын хүссэн их, дээд сургуульд элсэхэд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байсан. Н.Айшолпаны хувьд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ерөнхий боловсролын "Зайд" сургуулийн арванхоёрдугаар ангид суралцаж байсан юм.
Н.Айшолпан бол “Бүргэдчин охин” кинонд дүр бүтээсэн, өсвөр насны од. Тэрбээр 13 настайдаа гэр бүлийнхээ 12 үе дотроос анхны эмэгтэй бүргэдчин болжээ. Монголын тал хээр нутагт бүргэдчин охин хамгийн багадаа 50 хэмийн хүйтэнд найман цагийн турш ан хийдэг. Сүүлийн гурван жилийн дотор 14 үнэг агнажээ. Охин агнасан үнэгнийхээ үс, арьсаар малгай хийн өмссөн нь Монголын хахир хатуу өвлийг өнтэй давахад тусалдаг тухай кинонд онцолсон нь дэлхий дахины анхаарлыг татсан юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ