Улсын онцгой комиссоос энэ сарын 18-нд ирэх долдугаар сард нисэх тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарь баталсныг танилцуулсан. Энэ үеэр Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ "УОК-ын 24 дахь удаагийн хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгүүдийн дараагийн төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байгааг та бүхэн мэднэ. Бид ч энэ тоог тухай бүрт нь авч байгаа” гэдгийг хэлж байв.
- долдугаар сарын 2-ны өдөр Сөүл рүү
- долдугаар сарын 4-ний өдөр Япон руу
- долдугаар сарын 7-ны өдөр Сөүл (БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
- долдугаар сарын 9-ний өдөр Станбул руу (Турк болон Европод байгаа иргэдээ татан авчирна)
- долдугаар сарын 15-ны өдөр Сөүл (Транзит зорчигчдыг авна) хуваарийг баталжээ.
Харин өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын сүүлээр цуцлах эсэх нь тодорхойгүй байгаа тул цаашид хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь хараахан гараагүй байна гэдгийг албаныхан хэлсэн.
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудаас нийт 10 мянга 355 иргэн эх орондоо буцах хүсэлт өгөөд байна. Ялангуяа АНУ, Япон, БНСУ-д гацсан иргэд олон байгаа учраас эдгээр улс руу нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлсэн. Зургадугаар сард бид 2300 орчим иргэдээ татан авсан.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ