АНУ Хятадын Коммунист намын албаныхны эсрэг визний хориг тавьсныг Төрийн департментаас мэдээллээ. Бээжин нь Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталсны хариуд АНУ-аас хориг арга хэмжээ авсан нь энэ. АНУ-ын Төрийн департментаас мэдээлснээр 1984 оны Их Британи-Хятадын хамтарсан тунхагт заасан Хонгконгийн дээд автономит эрхийг зөрчиж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хязгаарлахад оролцсон Хятадын Коммунист намын хуучин болон одоогийн албаныхан болон тэдний гэр бүл визний хоригт багтжээ. Одоогоор визний хоригт багтсан Хятадын өндөр албан тушаалтнуудын нэрсийг зарлаагүй байна.
АНУ, Хятадын харилцаа худалдааны дайн, цар тахал, ерөнхий итгэлцэл буурсан зэргээс үүдэн хэдийн хүйтэн дайны хэмжээнд очсон билээ. Үүний зэрэгцээ коронавирусийн халдварын хохирлоо барагдуулахын тулд Хятадын эсрэг шүүхэд зарга мэдүүлэх эрхийг АНУ-ын Засгийн газраас иргэддээ олгожээ. Мөн Дональд Трамп Хятадын далайн бүтээгдэхүүний эсрэг импортын хориг тавихаар сүрдүүлсэн байна. Одоогоос хоёр жилийн өмнө эхэлсэн худалдааны дайныг зогсоохын тулд Бээжин нь буулт хийж, АНУ-аас 200 тэрбум ам.долларын өртөг бүхий хөдөө аж ахуйн барааг худалдан авахаар тохиролцжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Майк Помпёо нь Хавайд Хятадын албаныхантай уулзаж, хоёр орны зөрчил, маргааныг хэлэлцсэн юм.
Эх сурвалж: South China Morning Post
Холбоотой мэдээ