Тойм: МАН үнэмлэхүй ялалт байгуулж, С.Эрдэнэ огцров

Хуучирсан мэдээ: 2020.06.28-нд нийтлэгдсэн

Тойм: МАН үнэмлэхүй ялалт байгуулж, С.Эрдэнэ огцров

Тойм: МАН үнэмлэхүй ялалт байгуулж, С.Эрдэнэ огцров

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-нд болж өндөрлөсөн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Дэлхийн 216 улс оронд дэгдээд буй Covid-19-ийн цар тахлын үеэр Монгол Улс нь УИХ-ын сонгуулиа амжилттай зохион байгуулсан хоёр дахь орон боллоо.

Сонгуульд 13 нам, дөрвөн эвслийн 485 нэр дэвшигч, 121 бие даагч өрсөлдөв. Нэр дэвшигчдийн 455 нь буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.92 хувь нь эмэгтэй байлаа. Сонгуулийн үр дүнд МАН 62, АН 11,  Та бидний эвсэл 1, Зөв хүн электорат эвсэл 1, бие даагч -1 суудлыг тус тус УИХ-д авч чадсан юм.

Харин Сонгогчдын хувьд нийт 2070 хэсгийн хороонд саналаа өгч, 73.64 хувийн ирцтэй байв. Тодруулбал, улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 675 иргэн саналаа өгчээ. Энэ нь 2000 оноос хойш анх удаа сонгогчдын ирц дахин сэргэснээрээ онцлог байлаа.

Өөрөөр хэлбэл, 1992 онд зохион байгуулагдсан анхны УИХ-ын сонгуульд сонгогчдын оролцоо 95.6 хувь байсан бөгөөд 2012 оны сонгууль хүртэл аажмаар буурч 67.3 хувьд хүрч, сонгогчдын ирц тогтмол буурч байв. Харин УИХ-ын 2016 оны сонгуулийн хувьд иргэдийн сонгуулийн оролцоо өмнөх сонгуулиудтай харьцуулахад харьцангуй бага боловч өмнөх 2012 оны сонгуулийнхаас 6.4 пунктээр сонгуулийн идэвх нэмэгдэж 58.03 хувийн ирцтэйгээр оролцож байжээ.

Сонгуулийн маргааш өдөр нь сөрөг хүчин болох Ардчилсан нам мэдээлэл хийж, С.Эрдэнэ хариуцлага хүлээж, намын даргын албан тушаалаасаа огцорч, тамгаа Ц.Туваанд шилжүүлэв. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ дарга тодортол Ц.Туваан намын даргын үүргийг орлон гүйцэтгэх юм. Ийнхүү энэ зун АН-ын шинэчлэл олон нийтийн анхаарлыг татах бололтой. Учир нь, АН-ын даргын сонгуульд Ц.Оюунгэрэл нэрээ дэвшүүлж байгаа гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Мөн Шинэ намын дарга Ж.Батзандан намын даргын албан тушаалаа өгч буйгаа зарласан. Энэ мэтчилэн сонгуульд ялагдсан намын дарга нь хариуцлагаа хүлээж, албан тушаалаа өгөв.

Гэхдээ нөхцөл байдал маргааш өдөр нь орвонгоороо эргэж, сонгуульд нэр дэвшсэн эвсэл, бие даагчдийн төлөөллүүд МАН-ыг сонгуулийн үр дүн луйвардсан хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч болон СЕХ-д шаардлага хүргүүлсэн билээ.

Харин АН-ын залуучуудын зүгээс сонгуулийн дүн мэдээ эргэлзээтэй байгаа тул МАН-ыг бусад нам, эвсэл, бие даагчидтай хамтран эргэлзээх тайлах уриалгыг гаргасан билээ. Мөн Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-үүл энэ удаагийн сонгууль Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Учир нь, сонгуульд нэр дэвшиж буй АН-ын гишүүдийг сонгуулийн сурталчилгааны үеэр СЕХ-ны зөвшөөрөлгүй хорьсон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны удирдлагуудыг өчигдөр /2020.06.27/ хүлээн авч уулзаж, хяналтын тооллого хийхийг үүрэг болгосны дагуу энэ амралтын өдрүүдэд нийслэл хот, орон нутгийн сонгуулийн хороод сонгуулийн үр дүнд хяналтын тооллого хийж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж