"The Voice of Mongolia-2” шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Г.Эрмүүнтэй ярилцлаа.
-Багаасаа дуу хөгжимд дуртай хүүхэд байсан уу. Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
-Би багаасаа дуу хөгжимд дуртай байсан. Багадаа харанхуйгаас их айдаг хүүхэд байлаа. Нэг өрөөнөөс нөгөө өрөө рүүгээ орохдоо хүртэл айна. Тэр үед айдсаа даван туулахын тулд амандаа дуу аялдаг байсан юм. Ер нь дуу хөгжим төрөхөөс минь эхлээд хамт байсан зүйл гэж боддог.
-Анх хэдэн настайдаа тайзан дээр гарч байв?
-Миний хувьд тайзыг том, жижиг гэж голохгүй ээ. Гэхдээ миний амьдралын хамгийн том тайз бол "The Voice of Mongolia” шоу. Энэ бол миний урлагийн анхны гараа гэж харж байгаа. Энэ гараагаа дэлхийн хэмжээний шоунаас эхэлж байгаадаа баяртай байна. Өмнө нь 10 жилийн сургуульд байхдаа урлагийн үзлэг ч юм уу, янз бүрийн дууны тэмцээн уралдаанд оролцож байсан.
–Ямар мэргэжлээр суралцдаг вэ?
-Би АШУҮИС-д хүний их эмч мэргэжлээр суралцдаг. Одоо дөрөвдүгээр курсийн оюутан.
–Энэ жилийн "The Voice of Mongolia” шоунд оролцох болсон тухайгаа ярихгүй юу. Эмнэлгээс оргож, энэ тэмцээнд оролцсон гэж сонссон?
-Тухайн үед “Гүйлсэн булчирхай” авхуулах хагалгаанд орох гэж байсан. Хүмүүс хоолойны мах авхуулах гэдгээр нь түлхүү мэдэх байх. Тэр үед шоуны шалгаруулалтын зар сонсоод шууд шийдвэрээ гаргасан. Эхний улирлын шоуг хараад өөрийгөө сорьж, надад авьяас байна уу, үгүй юу гэдгээ сорьж үзэх юмсан гэж боддог байсан. Мэдээж гэр бүл, найз нөхдийн хүрээлэлд намайг дэмжин шоунд оролцож үзэхийг зөвлөсөн.
Миний хувьд эмнэлэгт хэвтэж байгаад шоуны хаалттай шалгаруулалт болж байна гэдгийг дуулаад эмнэлгээс оргож гараад очиж байлаа. Яалт ч үгүй хүсэл мөрөөдөл минь намайг энэ шоу руу хөтөлсөн.
-Шилдэг дөрвөн оролцогчийн нэгээр тодорсон ч финалын шатанд хасагдсан. Сэтгэлээр унасан уу?
-Ер нь сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Би эхний шатнаас эхлээд нийт долоон дуу дуулсан. Тэгэхээр үзэгчдэд долоон өөр өнгө төрхийг харуулсан гэсэн үг. Тийм учраас үзэгчид намайг дэмжсэн байх гэж бодож байгаа. Надад тийм, үгүй гэсэн хоёрхон сонголт л байсан. Дотроо байж болох хамгийн сайн, муу хариуг бодсон байсан учраас сэтгэлээр унаагүй ээ.
-Чинийхээр энэ жилийн хамгийн сайн оролцогч хэн бэ?
-Мэдээж энэ шоунд шилдгүүд оролцдог. Шат болгоны шигшилтийг өндөр няхуур хийдэг. Тиймээс оролцогч бүр надад шилдэг санагддаг. Бүгдэд нь өөр өөрсдийн онцлог, давуу тал бий. Магадгүй надад байхгүй шинж чанар өөр нэгэн оролцогчид байх жишээтэй. Энэ шоунд нийт 5000 гаруй оролцогч орсон юм билээ.
Эндээс эхний шатанд маш өндөр шалгуураар 100 гаруй оролцогч телевизээр гарсан. Энэ бүгдийг давж, ялагчийн төлөө өрсөлдөж буй дөрвөн оролцогчийн нэг болно гэдэг бол чамлахаар амжилт биш. Мөрөөдлийнхөө төлөө явж байгаа залуус бүгд шилдэг нь.
-Зарим хүмүүс “The Voice of Mongolia” шоуны ялагч нь тодорхой байдаг. Энэ бол шоу гэж хандах нь бий. Шоуны оролцогчийн хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?
-Мэдээж сайны хажуугаар муу зүйл их байна. Энэ шоуны ялагч нь өмнө нь тодорсон уу, тодроогүй юу гэдгийг оролцогч бид нотолно. Бид knock out шатнаас хойш бүтэн дөрвөн шатыг Цирк дээрээс телевизээр шууд дамжуулсан. Тэрийг оролцогчийн хувиар нотолно. Миний нүдэн дээр хэн нь сайн бэлтгэлтэй байж цааш шоугаа үргэлжлүүлсэн, хэнийг нь шүүгч сонгосон, хэн үзэгчдийн санал их авсан нь нээлттэй байсан.
Тийм учраас үүнд эргэлзэх зүйл байхгүй. Шоуны ялагч урьдчилан тодроогүй гэдгийг хэлж чадна. Тэмцээн уралдаан гэдэг утгаараа нэг л ялагч тодорно. Цаашдаа урлагийн зах зээл дээр гараад явахад бүгд энэ зэрэгцэхүйц артистууд болох нь ойлгомжтой.
-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцаач?
-Мэдээж цаашаа уран бүтээлээ хийнэ. Оролцогч бүр ийм амлалтыг өгч байгаа. Миний хувьд цаашдын уран бүтээлийнхээ гэрээг аль хэдийн хийж, уран бүтээлээ яриад эхэлсэн. Тун удахгүй шинэ уран бүтээлээрээ эргэн уулзах байх. Ямар жанрын уран бүтээл гэдэг нь одоохондоо нууц байг.
-Г.Эрмүүний сул болон давуу тал гэвэл?
-Өөрийгөө ер нь хараад байхад сул тал нь давуу тал, давуу тал нь сул тал болох талтай байдаг. Миний хувьд аливаа зүйлийг дотроо төсөөлж бодоод тэр төсөөлөлдөө хүрэх гэж зүтгэдэг. Тэгэхийн тулд ямар нэг байдлаар хөдөлмөрлөх ёстой гэж өөрийгөө их шахдаг. Энэ нь нэг талаас давуу тал болдог ч нөгөө талаас өөрийгөө хайхрахгүй зүтгэдэг сул та минь гэх үү дээ. Шоуны зохион байгуулагчдын зүгээс намайг цагаа сайн баримталдаг, чанга, сэтгэлийн тэнхээтэй гэж үнэлсэнд баярласан.
Би худлаа ярихгүй, хулгай хийхгүй, аливаа зүйлд аль болох эергээр хандахыг хичээдэг. Анагаахын салбарын хүн. Одоо урлагтай салшгүй холбогдож байна. Тиймээс бусдад эерэг зүйлийг түгээж, аз жаргалтай сайн сайхан бүхнийг харуулахыг хүсдэг.
-Цаашдаа мэргэжлээрээ ажиллах уу?
-Мэдээж мэргэжлээрээ ажиллана. Мэргэжил мэргэшил хоёр чинь өөр шүү дээ. Хажуугаар нь хүсэл мөрөөдөл минь хаашаа хөтөлнө тийшээ явах болно.
-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу. Айлын бага хүүхэд үү. Эрх танхи залуу шиг харагдаж байна?
-Би айлын ганц хүүхэд. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ сайн сайхан бүхнийг л хүсдэг. Хайран дунд өссөн хүү дээ Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аав маань цэргийн хүн, ээж маань боловсролын салбарт ажилладаг Аав, ээж маань хоёулаа төрийн албан хаагч, энгийн л нэгэн гэр бүл.
-Шүтдэг дуучин бий юу?
-Ер нь ямар нэгэн урсгал чиглэлд баригдахгүйгээр тухайн уран бүтээл нь ямар мэдрэмж өгч байна вэ гэдгээс хамаарч дуу сонсдог. Монгол уран бүтээлчид маань бүгд таалагддаг. Ука, Д.Болд шүүгчийнхээ дууг сонсдог. Бас “Никитон” хамтлагийн Баачка ах гэх мэт мундаг уран бүтээлчийн дууг сонсч, суралцдаг.
-Урлагаас гадна спортоор хичээллэдэг үү?
-Би волейбол сонирхдог. Усан сэлэлтээр бас хичээллэдэг байсан. Өмнө нь спорт бүжгээр хичээллэдэг байсан.
-Хэлэх дуртай үг?
-“Уг муутай хүнийг усан дотроос түймэр авдаг” гэдэг дээ. Тэрэнтэй адил өөрийнхөө дотор мөн чанарыг эерэг байлгахыг хүсдэг. Энэ бол миний хэлэх дуртай үг. Хүмүүсээс харах ч дуртай зан чанар.
-Г.Эрмүүний амьдрал 10 жилийн дараа ямар байх бол?
-Мэдээж ирээдүйгээ сайн сайхнаар харахыг хичээнэ. Одоо би 21 настай. Ирээдүйд 31 настай байна гэсэн үг. Одоогийн залуусын хувьд гэр бүл төлөвлөлтийн хувьд сайн төлөвлөдөг болсон байна. Их сургуулиа төгсөөд гэр бүлтэй болох гэж яарахаас илүүтэй цааш нь суралцаж, мэргэжлээрээ ажиллахыг илүүд үздэг болж. Би өөртөө сайн сайхан зүйлийг хүсч, их сургуулиа төгсч, өөрийн уран бүтээлийн карьертай болсон байна гэж төсөөлдөг. Гэр бүлтэй болох төлөвлөгөө ойрын 10 жилд байхгүй.
-Энэ жилийн "The Voice of Mongolia” шоу цар тахлын улмаас хөл хорионы үед зохион байгуулсан гэдгээрээ онцлог болж өндөрлөлөө. Оролцогчдын хувьд нарийн дэглэмийн дагуу шоуны бэлтгэлээ хийсэн байх. Хэрхэн бэлтгэлээ хийж байв?
-Энэ жилийн "The Voice” шоу дан ганц монгол гэлтгүй дэлхийн хэмжээнд өвөрмөц болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас энэ жил дэлхийн зургаан улсад энэ шоу зохион байгуулсны нэг нь манай "The Voice of Mongolia” шоу. Гэсэн хэдий ч “Монгол HD” телевизийн хамт олон дэлхийн хэмжээний жишгийг дагаж, маш амжилттай зохион байгуулж чадлаа. Оролцогчдын хувьд нэг удаагийн амны хаалт, микрофон зүүж Цирк рүү нэвтрэхээс эхлээд аюулгүй байдлыг чанд сахиж ажилласан. Ингэж ажиллахад баг хамт олон асар их нөлөөтэй. Эрүүл мэндийн эмч нар хүртэл телевизийн уран бүтээлчидтэй хамтран ажилласан.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ