УИХ-ын шинэ дарга хэн болох вэ?

Хуучирсан мэдээ: 2020.06.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын шинэ дарга хэн болох вэ?

УИХ-ын шинэ дарга хэн болох вэ?

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд МАН үнэмлэхүй ялалт дахин байгуулсан. Тиймээс ирэх өдрүүдэд МАН Засгийн газраа бүрэлдүүлэх, төрийн ажлыг завсардуулахгүйгээр үр­гэлж­лүүлэх ажилдаа орно. Шинээр сонгогдсон 76 гишүүнд маргааш /2020.06.29/ УИХ-ын гишүүний үнэмлэхийг олгоно. МАН Засгаа байгуулахдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу байгуулна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдтай нийлээд дөрөв хүртэлх гишүүн давхар дээлтэй байх буюу энэ нь үндсэн чиг үүргийн яамд байх юм. Бусад яамыг давхар дээлгүй буюу УИХ-ын гишүүн бус хүмүүсийг сонгоно.

Шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн хэн болох нь тодорхой учраас шинэ УИХ-ын дарга нь хэн байх вэ гэдэг асуултын хариулт сонирхол татаж байна. Ялсан намын дарга Ерөнхий сайд болж, Засгийн газраа удирдах нь тодорхой. Тиймээс одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээ үргэлжлүүлэн хийнэ.

Харин УИХ-ын дарга хэн болох тухайд олон нийтийн дунд хэд хэдэн таамаг үүсээд байна. УИХ-ын 76 суудлын 62-ыг нь өөрийн болгосон МАН-д спикер болох чадал чансаатай цөөнгүй хүн бий. Тэдний дундаас парламентад олон удаа дараалан сонгогдсон хэд хэдэн нэр шинэ спикерийн таамагт дуулдаж байна. Түүнчлэн туршлагатай парламентач гэгддэг Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын нэр ч дуулдаж буй. Мөн одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, залуу гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэр ч сонсогдов. Дээрх нэрс дотроос С.Бямбацогтын хувьд тойрогтоо багаараа ялалт байгуулаагүй ганцаараа УИХ-д орж ирсэн тул намын дарга нь төдийлөн дэмжихгүй болов уу. Үүнийг ч намын зарим нөхөд нь хэлж байна. Учир нь "Хүчээ нэгтгэе" уриатайгаар УИХ-д сонгуульд оролцсон МАН-ын дарга тойрогтоо багаараа гараагүй гишүүддээ таатай хандахгүй нь лавтай. Г.Занданшатарын хувьд мөн л багаараа ялалт байгуулаагүй, ганцаараа сонгогдсон учраас УИХ-ын даргаар улираахад зохисгүй.

Сү.Батболд ч УИХ-ын дарга болох хувилбар байж болох гэнэ. Гэхдээ Сү.Батболд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаатай байгаа тул УИХ-ын даргаар түр ажиллахгүй л болов уу. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд бусдаасаа хамгийн залуу гишүүн учраас УИХ-ын даргын суудал төдийлөн тохирохгүй. УИХ-ын дарга болох хүн юуны түрүүнд парламентын туршлагатай, ахмад гишүүн байх ёстой.

Харин хамгийн боломжит хувилбарт Д.Тогтохсүрэнгийн нэр хүчтэй яригдаж байна. Түүний хувьд өмнөх парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, дотроо хагаралдаантай байсан МАН-ын бүлгийг цул болгоход хамгийн өндөр үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Үүнийг намын дарга болоод гишүүд нь ч хүлээн зөвшөөрдөг. Мөн тойрогтоо багаараа ялалт байгуулсан зэргээс харвал Д.Тогтохсүрэнг УИХ-ын дарга болоход тун тохироно гэж үзэж байгаа аж.

Ерөнхийдөө УИХ-ын даргаар очих хүн гишүүдийнхээ дунд эвийг эрхэмлэгч байхаас гадна намын даргатайгаа хамтарч ажиллах шаардлага шалгуурыг бүрэн хангасан байх нь тодорхой.

Ямартай ч ойрын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, УИХ-ын анхдугаар чуулганы товыг зарлах хуультай. УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн удирдан явуулснаар УИХ-ын шинэ даргыг сонгох учиртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
8
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж