УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие оролцсон нам, эвслүүд болон бие даагчдын төлөөлөл өнөөдөр (2020.06.27) Сонгуулийн ерөнхий хорооны дарга нартай уулзав. Тэд Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийн санал хураалтыг дахин явуулах тухай шаардлага хүргүүлсэн билээ.
Энэ үеэр сонгуульд бие даан нэр дэвшсэн Т.Ганболд "Нэгдсэн дугааргүй саналын хуудсаар санал авсан. Саналын хуудасны битүүмжлэлийг алдагдуулахгүй гэдгийг зөрчиж, ажиглагчдыг санал авах байрнаас албадан гарсан нь ажиглагчийн эрхийг зөрчсөн. Тухайн тойргийн мандатын тооноос илүү тооны нэр дэвшигчид санал өгсөн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцдог. Нэг иргэн олон газар бүртгэгдээд, олон дахин санал өгөх боломжийг танайх бий болгосон байна. Үүнээс болж 249 мянга гаруй хүн илүү санал өгсөн байгааг тооцсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн.
Бэлэн будчихсан саналын хуудсыг цэвэрхэн саналын хуудастай хамт өгсөн тохиолдол гарсан. Сонгогчдын тоо болон санал өгсөн хүмүүсийн тоо илт зөрсөн. Энэ зөрчил хар машинтай холбоогүй. Иймээс дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Танай хар машины форматад байхгүй. Энэ бол зөвхөн excel програмаар хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл. Улсын хэмжээнд бүх бие даагчийнх таслалтай харагдсан. Танайх үүнийг алдаа гэсэн. Тэгвэл яагаад алдаатай санал хураалтыг хүлээн зөвшөөрч байгаа юм бэ?" гэж асуув.
СЕХ энэ асуултад хариулахдаа "Санал тоолох төхөөрөмж ямар нэг сүлжээнд холбогдохгүйгээр дүнгээ хэвлэж гардаг. Тэр дүн манай төв серверт ирдэг. Үүнд хэн нэгний гар оролцоо байхгүйгээр хамгаалалтай сүлжээгээр, хамгаалалтай файл ирдэг. Тэр нууцалсан файлыг нээхийн тулд өндөр чадалтай компьютероор 10 хоног суудаг. Боловсруулалтыг ч мөн сервер өөрөө хийж буй. Боловсруулалтыг excel-ээр экспортолж гаргасан. Ингэх үед зарим нь мянганы нарийвчлалтайгаар гарсан. Үүнд ямар нэг алдаа байхгүй.
Дархан-Уул аймаг дахь саналын хуудсыг 100 хувь гараар тоолно. Сонгуулийн ерөнхий хороонд зөрчлийг шалгаж тогтоох эрх байхгүй. Харин саналын хуудсыг гараар тоолох боломж бий. Нийслэлийн хэмжээнд 22 хувьд нь тоолчихсон" гэв.