ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Вячеслав Володин сэтгүүлч Георгий Бовтад ярилцлага өгөхдөө, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд хэрхэн бэлтгэж байгаа болон тахал өвчний хүнд цаг үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, энэ чиглэлд парламент хэрхэн ажиллаж буй талаар ярьжээ.
Мөн тэрбээр Орос, Америкийн эрүүл мэндийн тогтолцоог харьцуулж, Telegram-ийн хориг арга хэмжээний тухай, жүжигчин Михаил Ефремовын үйлдсэн хэргийн талаар тайлбар хийсэн байна. Хамгийн сонирхолтой нь В.В.Володин В.Путины дараа Орос орныг юу хүлээж байгаа талаар ярьжээ.
Тэрбээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Путин бүрэн эрхийнхээ хугацаанд маш сайн, өндөр үр бүтээлтэй ажилладгийг онцлоод, “Хэрэв бид хүчирхэг Орос улсын тухай ярьж байгаа бол В.Путины дараа В.Путин л байх болно. Ерөнхийлөгч Путинээс хойш бүх зүйл түүний "замнал"-аар явагдана. Ингэж байж Орос хүчтэй байж чадна. Путин үүнийг ч хийсэн. Тэрбээр Оросыг жил бүр улам хүчирхэгжүүлэх тогтолцоог бий болгосон" хэмээн хэлжээ.
Володин өмнө нь “Путин байгаа цагт Орос орон байна, Путин байхгүй бол Орос байхгүй” хэмээн хэлж байв.
Өнөөдрийн байдлаар оросуудын тэн хагасаас илүү хувь нь одоогийн ерөнхийлөгч Владимир Путинд итгэж явдгаа илэрхийлжээ. Тухайлбал, “Олон нийтийн санаа бодол” сангийн (ФОМ) судалгаа ОХУ-ын иргэдийн 59 хувь нь улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэг болохыг харуулсан байна. Санал асуулгын дүнгээс харахад, Оросын иргэдийн 62 хувь нь Путин үүргээ сайн биелүүлж байгаа гэж үзэж буй бол 26 хувь нь эсрэг бодолтой байгаагаа илэрхийлжээ. Харин 13 хувь нь энэ асуултад хариулаагүй байна.
Эх сурвалж: REGNUM, KOMMERSANT, RBC
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ