АНУ-ын Сан-Диего хотын Старбакс кофе шопт нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Тус кофе шопоор үйлчлүүлэх гэж орсон амны хаалтгүй бүсгүйд Ленен хэмээх бариста залуу үйлчлэхээс татгалзсан байна. Хэдий бүсгүй амны хаалтаа зүүсэн ч бариста түүнд үйлчлэхээс татгалзсан хэвээр байж. Үүнийх нь хариуд уурссан Амбер Линн Жилес гэх бүсгүй өөрийн цахим хуудастаа тус баристагийн зургийг оруулан “Намайг амны хаалтгүй байна гэж үйлчлэхээс татгалзсан Старбакст ажилладаг Ленентэй танилц. Дараагийн удаа би цагдаа дуудаж, өөрийгөө эрүүл гэдгийг батлах эмнэлгийн хуудас авчрах болно” хэмээжээ.
Сан-Диего мужид олон нийтийн газарт явж буй хүн бүр амны хаалт зүүсэн байх шаардлагатай бөгөөд зөвхөн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нүүрээ халхлах боломжгүй хүн л амны хаалт зүүхгүй байж болох аж.
Гэвч түүний энэхүү постон дээр бариста залууг шүүмжлэх бус сайшаасан сэтгэгдэл мянга мянгаараа ирж, харин Жилесийг буруутгажээ. Мөн Ленен залууг зөв шаардлага тавьж, иргэний үүргээ тун сайн биелүүлсэн хэмээн GoFundMe цахим хуудсан дээр түүнд туслах хандивын аян өрнүүлжээ. Энэхүү аяны хүрээнд түүнд нийт 2000 гаруй хүн хандив өргөж, 27,943 ам.доллар цугларчээ.
Ленен өөрийн цахим хуудастаа хандивын аянд оролцсон хүмүүст талархал илэрхийлэн “Гар цайлгах мөнгө өгсөн хүмүүстээ баярлалаа, эрүүл байгаарай” гэсэн бичиг барьсан зургаа оруулжээ.
Холбоотой мэдээ