УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон сонгогчдын саналын хуудсыг гараар тоолж эхэлжээ. Саналын хуудсыг гараар тоолох ажлыг амралтын өдрүүдэд зохион байгуулна гэж СЕХ-ны дарга Ч.Содномдорж Ерөнхийлөгч Х.Баттулгатай өнөөдөр (2020.06.27) өглөө уулзахдаа мэдэгдсэн билээ.
Парламентын энэ удаагийн сонгуульд оролцсон нам, эвслүүд болон бие даагчид сонгуулийн санал хураах явцад цөөнгүй зөрчил гарсан талаар байр сууриа илэрхийлж, сонгогчдын саналыг гараар тоолохыг шаардсаар буй юм.
УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт, тооллого, дүн гаргах үйл явцыг "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-ний гишүүн таван ТББ-ын 206 ажиглагч хянаснаас 112 ажиглагч биечлэн ажиглажээ.
Ажиглалтаар нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт зургаан хэсэгт сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой зөрчил гарсан байна. Тухайлбал, дөрвөн ам бүлтэй айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэгдсэн, мөн үүнтэй адил нэг хаяг дээр танихгүй буюу хамааралгүй таван хүн нэмж бүртгэсэн зэрэг олон зөрчил илэрчээ.
АРХАНГАЙ, ДОРНОД, ӨВӨРХАНГАЙ, ӨМНӨГОВЬ, ДАРХАН-УУЛД ХЯНАЛТЫН ТООЛЛОГО НЭМЖ ХИЙХ ЧИГЛЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүлжээ.
Хяналтын тооллогыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналтын тооллого хийх тухай” журмын дагуу сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагыг байлцуулан ил тод, нээлттэй явуулах ажлыг 2020 оны зургаадугаар сарын 28-ны дотор багтаан зохион байгуулж, хяналтын тооллогын дүнг албан ёсоор баталгаажуулан тооллогод оролцогчдод болон Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдээлэхийг үүрэг болгосон байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71.14-т “Санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийлгүүлнэ” гэж заасны дагуу 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр 22:00 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харъяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн билээ.
Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ