Энэ долоо хоногт зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт хоёр хүн амь насаа алдаж, 12 хүн бэртжээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баацагаан сумын тавдугаар багийн нутагт энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагийн орчимд Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Д амь насаа алджээ. Мөн энэ сарын 24-ний өдрийн 09:16 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд ерөнхий боловсролын сургуулийн автомашины зогсоолд Toyota Succeed маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 78 настай, эмэгтэй Б-г мөргөж, амь насыг нь хохироожээ.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 22-ноос 26-ны өдөр нийт 1107 дуудлага бүртгэгдсэнээс 677 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан аж. Цагдаагийн алба хаагчид явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1301 жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван жолоочид хариуцлага тооцжээ.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16,4 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,7 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 42,8 хувиар, ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 60 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэнд хорооллын доторх замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Б.ЦЭЦЭГ