Улаанбаатар хотын мянга, мянган иргэдийнхээ өмнөөс хотын даргадаа талархал илэрхийлье. Учир юу гэвэл Улаанбаатар хотын төв талбай “эзэн”-тэй болж, хүүхэд, залуусын дуу цангинасан сайхан орчныг бүтээж өглөө.
Сүхбаатарын өмнөх талбай ямар байсныг бүгд санах нь дамжиггүй. Алхаж, зугаалахаас илүүтэй айж эмээж, тойрч явдаг байсан гэхэд буруудахгүй. Гэр оронгүй хүмүүсийн унтаж амардаг, хүүхэд залуус зугаалж ч чаддаггүй энэ хэсгийг цэцэрлэгт хүрээлэн болгох санаачилга өнөөдөр бодит ажил болоод байна.
Мөн нэг хэсэг хүмүүс төв талбайн ногоон байгууламжийг сүйтгэж, бут сөөгийг үгүй хийх гэж байгаа мэтээр харлуулж байсан. Тухайн үед тэдний үгэнд итгэсэн хүмүүс ч бишгүй бий байх. Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх байсан ч эсэргүүцэгчдээс болж хоёр долоо хоногоор хойшилж байв. Мөн хотын даргыг шүүмжилж, 3.2 тэрбумыг хэрэггүй зүйлд зарцуулах нь хэмээн хэвлэлээр чамгүй бичсэн.
Гэтэл хоёрхон сарын дараа төв талбайн цэцэрлэгт хүрээлэн ямар болсныг олон нийт өнөөдөр нүдээрээ харж, биеэрээ мэдэрч суугаа.
Төв талбайнхаа урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг нэг хувийн компанид өгөөд зогсохгүй нөгөөх нь банкны барьцаанд тавигдсан байсантай хотын дарга эвлэрэхгүй, хуулийн хүрээнд арга хэмжээ авснаар нийтийн эзэмшилд эргэн ирсэн. Одоо харин хэр зөв ашиглаж чадах вэ гэдэг нь нийслэлчүүдээс л илүү хамаарах юм.
Г.ОЮУ