Залуучуудын хоккейн дэлхийн аварга өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Залуучуудын хоккейн дэлхийн аварга өнөөдөр тодорно

Залуучуудын хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга тодорход ганцхан алхам үлдлээ…

Финлянд улсын нийслэл Хельсинки хотын гудамжны булан бүрт хоккейгоор амьсгалж байна гэхэд хилсдэхгүй байх. Тус хотын бүх спорт бааруудад зөвхөн хоккей л үзэж байгаа бөгөөд бусад төрлийн спортууд хоёрдугаар зэрэглэлд орсныг харж болно. Финляндын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн тус орны хоккейн шинэ залуу одуудын фото зурагнууд л тавигдах нь элбэг болсон ба улс даяараа зөвхөн тэд нарыг л харж байна. Тухайлбал, Патрика Лайне, Йессе Пулюярви нарын зурагнууд сонин сэтгүүл, ТВ-ээр их тавигдаж байгаа билээ. Ялангуяа Пулюярви гэдэг залуу одын гялалзсан амжилт (5 тоглолтонд 15 оноо) нь Яромир Ягрын тогтоосон амжилттай дөхөж байгаа бөгөөд 1990 онд Чехийн алдарт хоккейчин Яромир Ягр Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо 7 тоглолтонд 18 оноо авсан амжилтаар залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дээд амжилтыг тогтоосон байдаг билээ. Финляндын энэ 2 залуу тоглогчид Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг 10 тоглогчдын нэрсийн жагсаалтанд орохоор болж байгаа бөгөөд урьд нь энэ жагсалтанд Грецки, Линдрос, Буре нар багтдаг гэж бодохоор үнэхээр дэлхийн хэмжээний ирээдүйн од гарч ирж байгааг үгүйсгэхгүй байхын аргагүй юм.

Тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтонд нутгийн эзэн баг Финляндын шигшээ өөрсдийн мөнхийн өрсөлдөгч болон хөрш Шведийн залуучуудтай тоглохоор шалгарсан бол нөгөө хагас шигшээ тоглолтонд ОХУ болон АНУ-ын шигшээ багуудын залуучууд шалгаран үлдсэн юм.

Финлянд-Шведийн шигшээ багийн тоглолтонд санасныг бодвол Шведийн багийн хөгжөөн дэмжигчид их байсангүй. Харин Канадын шигшээ багийн хөгжөөн дэмжигчид ихээр цугласан байсан бөгөөд хэдий баг нь хожигдсон байсан ч тэд тасалбараа буцаагаагүй тэмцээнийг үргэлжлүүлэн үзсэн байна. Тоглолтын хувьд хэдий олон гоолтой мөн уран гоё тоглолттой болоогүй ч өрсөлдөөний хувьд маш ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болсныг энд дурдах нь зүйтэй байх. Финляндын шигшээ багийн хувьд өмнөх тоглолтуудын адил талбай дээр илүү тоглогчтой байх хугацааг маш үр дүнтэй ашигласан бөгөөд эхний гоолыг илүү тоглогчтой байх үедээ оруулсан бол хоёр дахь шайбыг торгуулсан тоглогчийг тоглолтонд орж ирээд ердөө 14-хөн секунд болж байхад оруулсан юм. Энэ 2 гоол нь хожил авахад хангалттай байсан бөгөөд Финляндын шигшээ багийн хаалгач Кахконен хэд хэдэн удаа багаа аварсан байна.

Хоёр дахь хагас шигшээ тоглолт болох ОХУ-АНУ-ын шигшээ багуудын тоглолтын өмнө улс төртэй адил мэдээллийн “дайн” их явж байлаа. АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч мэдэгдэл хийхдээ “Оросын шигшээ багаас хэнийг ч танихгүй, мэдэхгүй юм байна” гэж мэдэгдэж оросуудын “шарыг” матах шиг болов..

Тоглолт эхлэхэд хоёр талын хөгжөөн дэмжигчдийн тоо ойролцоо байсан бөгөөд АНУ-ын шигшээ багийг Канадын хөгжөөн дэмжигчид олноороо дэмжиж байсан нь онцгой харагдаж байлаа. Тоглолтын эхний үед АНУ-ын шигшээ багийн залуучууд боломж гарах бүрд прессинг хийж сөрөг довтолгоо хийж байлаа. Энэ тактик нь үр дүнгээ өгч эхний гоолыг Дворак хийж АНУ-ын шигшээ баг хошуучилж эхэлсэн юм. Тэд тоглолтын санаачлагыг авах гэж хичээхгүй байсан бөгөөд өмнөх тоглолтуудад яг ийм тактикаар Швейцарын болон Чехын шигшээ багуудыг нийлбэр дүнгээр 17:1 харьцаатай хожсон гэж бодохоор тактикийн маш зөв сонголт байсан нь харагдаж байгаа юм.
Оросууд өнгөн дээрээ илүү довтлоод дайраад байгаа мэт харагдавч америкийн залуучууд илүү боломж гаргаж тоглож байлаа. Энэ нь Оросын залуучуудыг хүнд байдалд оруулж байсан бөгөөд тэд 2 хүний илүү талбай дээр тоглож байхдаа хүртэл гоол оруулж чадалгүй өнгөрсөн юм.

Гэхдээ Оросын залуучууд 3-р үед сэтгэл зүйн хувьд эргэлт хийж 3-хан минутын дотор 2 гоол хийж “comeback” хийв. Тоглолтын төгсгөлд АНУ-ын шигшээ багийн залуучууд эцсийн дайралтыг хийсэн боловч Оросын хаалгач Илья Самсонов маш сайн хаалгаа манаж багаа хожилд хүргэв. Ингэснээр ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Валерий Брагин өөрийн удирдаж байсан шигшээ багаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа дараалан шигшээ тоглолтонд шалгаруулсан амжилтаар бас нэгэн содон амжилтын эзэн болов. Өнөө орой шигшээ тоглолт ОХУ-Финляндын шигшээ багуудын хооронд болох бөгөөд хэн хожих нь зөвхөн тухайн өдрийн тэнгэр л мэдэж дээ…

I.05 (Hartwall Arena)

АЛТАН МЕДАЛЬ:

  • ОХУ – Финланд

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

  • ШВЕД – АНУ

А.ТАМИР (МСХХ)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж